Гэрээс холгүй, голын эрэг орчмоос баавгайд бариулсан эрэгтэйн цогцсыг олжээ

Гэрээс холгүй, голын эрэг орчмоос баавгайд бариулсан эрэгтэйн цогцсыг олжээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн Бурхантын ам гэх газарт намаржиж буй айл руу баавгай дайрч, хоёр хүнд халдлаа. Цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 8-ны шөнө 01.00 цагийн үед энэ талаарх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Хотын төвөөс багагүй хэмжээний, Улиастайн суурьшлын бүсээс 28 км зайд энэ хэрэг явдал болжээ.

Баавгай гэрийг нь цөмлөн 55 настай эмэгтэй Н-ийн нүүр, толгойг гэмтээсэн бол тухайн айлын хадлан, намрын ажилд тусалж байсан 40 настай Т-ийн аминд хүрсэн гэнэ. Айлын эзэгтэй баавгай дайрсан даруйд гэрээсээ зугтаж гаран яаралтай тусламж дуудсан бөгөөд өдгөө түүний биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Харин гэрээс холгүй, голын эрэг орчмоос 40 настай Т-гийн цогцсыг олжээ.

ГССҮТ-ийн Салбар эмнэлэг буюу хуучнаар Түлэнхийн төвийн Яаралтай тусламжийн тасагт баавгайд бариулсан 55 настай Н-ийг хүргэсэн бөгөөд тухайн эмнэлгийн албан ёсны эх сурвалж “Өвчтөний биеийн байдал одоогоор хүнд байна. Толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн. Эмнэлгийн зүгээс мэс заслын болон шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг аваад байна” гэсэн мэдээлэл өгөв. Энэ явдал болсон газарт нийслэлийн Байгаль орчны газрын Ойн салбарын дарга О.Тэмүүжингээр ахлуулсан багийнхан хүнд халдсан баавгайг эрэн хайх ажиллагаа эхлүүлээд буй юм.

Бидний авсан мэдээллээр тухайн баавгайг устгах шийдвэр гаргасан аж. Он гарснаас хойш нийслэлийн Байгаль орчны газарт баавгайтай холбоотой 597 мэдээлэл бүртгэгдэж, тухай бүр нь арга хэмжээ авсан байна.

Холбогдох байгууллагуудаас иргэдэд хандаж “Хотын бүсэд зэрлэг ан амьтан, баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон амьдарч буй орчин тойрны аюулгүй байдалд анхаарах, холбогдох байгууллагуудын зүгээс зэрлэг баавгайн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийн хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээсэн юм. Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг нь уулархаг, ой мод ихтэй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Партизан, Сүхбаатар дүүргийн нутаг, Бэлх, Санзай, Төв аймгийн Батсүмбэр сумтай хил залгадаг. Тиймээс тухайн баавгай ойгоор дамжин дээрх бүс нутаг руу орох магадлалтай тул малчид, иргэдийг сэрэмжтэй байхыг цагдаа, онцгой байдлын албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.