🔴ЭЕРЭГ: Өөрийгөө нохой гэж боддог Балданпүрэв

🔴ЭЕРЭГ: Өөрийгөө нохой гэж боддог Балданпүрэв
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Гантулгынд өөрийгөө нохой гэж боддог Балданпүрэв хэмээх эрх нь дэндсэн ямаа бий.
 
Том Ганаа гэдэг нэрээр нь нутаг орныхон нь сайн мэддэг тэднийх уг нь хонь ямаагүй. Түүнийг таван жилийн өмнө эхдээ гологдоод хөлдөж үхэх гэж байхад нь бага хүү Г.Чинбат нь хээрээс олжээ. Тухайн үед Ц.Гантулгын банхар гөлөглөж таараад Балданпүрэв 12 гөлөгтэй хамт өссөнөөр өөрийгөө нохой гэж боддог болсон юмсанж.
 
Балданпүрэв цагтаа Германы сэтгүүлийн нүүр зурагт гарж, эх орноо сурталчилж мандаж явсан гэнэ. Иймдээ тэр энэ хавьдаа дархлагдсан амьтан аж.
 
Саяхнаас гэдэс нь томроод таргалаад эхлэхээр нь гэрийн эзэгтэй Сэржээгийн санаа нь зовж, “Нохой, ямааны эрлийз гарна гэж баймааргүй юм даа. Амьтан хүн юу гэж хэлнэ ээ” хэмээн халагласан гэнэ. Гэтэл төхөөрөхөөр авчирсан хэдэн ямаа дунд нь дотор засаатай ямаа байж таарснаар Балданпүрэв нь Бунданпүрэв гэх хөөрхөн ишигтэй болжээ 😁
 
Видео сурвалжилгыг энд дарж үзнэ үү. 
 
-Танайх ямар ч хонь, ямаагүй юм байна. Гэхдээ ганцхан ямаатай. Тэр нь өөрийгөө нохой гэж боддог. Та бидэнд энэ талаар яриад өгөөч?
17cabc7b59534fb08632a749de94e2f5
Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Гантулга:
 
- Тийм ээ. Манай ямааг Балданпүрэв гэдэг юм. Манайх хонь, ямаагүй, зөвхөн адуу, үхэртэй айл л даа. Таван жилийн өмнө манай гэр бүл хаврын нүүдлээ хийж, Бумбат гэх даваагаар давах үеэр харанхуй үдэш эхдээ хаягдсан, төрөөд удаагүй, хальстайгаа осгох шахаж хэвтсэн нэг ишиг олсон юм. Бид түүнийг гэртээ авчран, манай бага хүү өхөөрдөөд зунжингаа угжиж асарсан даа. Тухайн үед манай банхар гөлөглөж таараад 12 гөлөгтэй зэрэгцэж өссөн болохоор өөрийгөө нохой гэж боддог болсон. Хонь, ямааг бол ерөөсөө тоодоггүй. Нохойнууд айлын нохой руу ухасхийхэд л дундуур нь гүйж яваа л харагддаг. Бид нар “Хөөе, Балданпүрэв ээ, нааш ир! Чи хонь, ямаатай нийлэхгүй байж нохойтой нийллээ” гээд л зэмлэдэг юм.
 
Бас өөрийнхөө нохойнуудыг их өмөөрнө өө. Намар нохойны ороо ороход өөртэй нь цуг өссөн нэг жингэрийг бусад нохойнууд дагахад нь гүйж очиж мөргөөд, нэгнийх нь хөлийг хүртэл хөшиж байгаад л үзэж байгаа юм чинь. Бид нар араас нь “Балданпүрэв бариулчихна” гээд л айж сандардаг. Энэ чинь манай гэр бүлийн хамгийн үнэтэй гишүүн шүү дээ.
 
Өөрийгөө нохой гэж боддог Балданпүрэв ишигтэй болсон нь
3f25cbcf62354564963de135edb92565

Эхнэр Т.Сэржмядаг:

-Өө, энэ чинь өөрөө ишигтэй байж үзээгүй болохоор эх болсноо ч ойлгосон юм уу, үгүй юм уу бүү мэд. Ишиглэчихээд хэвтээд байдаг, босдоггүй. Энгийн ямаанууд чинь босчихдог шүү дээ. Энэ бараг 2-3 цаг хэвтээд, ишиглүүлэх гэж малын эмч дуудах шахсан юмдаг.
 
Манай дүү идшинд хэдэн ишиг үлдээгээд, “Өвсөндөө хийгээд өвөлжчих, эгч ээ. Зун боодогт явуулна” гэхээр нь ‘тэгье тэгье” гээд л таван ишиг үлдээсэн юм. Балданпүрэв эхэндээ тэр хэдийг хөөж туугаад тоодоггүй. Зун гэдэс нь том болчихсон байхаар нь бариад үзсэн чинь дэлэн байна аа! “Үгүй ээ, энэ чинь таргалаад ийм дэлэнтэй байдаг юм уу? Нохойны ишиг гарна гэж байхгүй дээ” гээд л бид хэд чинь гайхаад л. Удахгүй үнэхээр дэлэгнээд, ишиглэх болохоо мэдэрсэн үү яасан, хоёр, гурав хоногийн өмнө нэлээд уурлаж, айлын нохойнуудыг хамж хөөж давхиад л жигтэйхэн сонин болсон. Өглөө босоод ирсэн чинь ишиг нь цухуйчихсан байхаар нь сандраад малын эмч дуудъя болоод л тэгсэн харин ашгүй ээж нэг юм татаж чангааж байгаад нөгөөдөхийг нь гаргаад ирлээ. Тэгээд л яг хүн шиг дээшээ хараад хэвтээд, ус уугаад л ямбалж өгсөн дөө.

Хөөрхий, хоёр хоног эргэн тойрныхоо нохойг мөргөж хөөгөөд л баларсан шүү дээ.

Юу! "Би одоо амьтан хүн юу гэж хэлнэ ээ. Арав гаруй нохойтой тэнээд яваад байх юм. Нохой, ямааны эрлийз гарлаа гэж бодох вий дээ" гээд л инээд хүрээд байсан чинь, нөгөө идшинд хэрэглэсэн борлон нь засаатай байсан юм билээ. Тэр л дагасан хэрэг. 

Энэ бас яг ээж ээ, эрхийн мангар. Нохойн дээрээ суугаад л хэвтээд нөгөө нохой нь ч тоохгүй юм дөө. Эртээд бүр сүүлийг нь зажилчихсан зогсож байна.

f582454e23394e759e3929dd885b68f0

Намайг орой үдэш явахад нохойнуудтайгаа хаашаа л бол хаашаа дагаад л явна. Өөрийгөө нохой гээд бодчихсон ханьтай. Намайг хамгаалаад байна гээд бодоод байх шиг байгаа юм. Орой үдэш ганцаараа айхаараа “Засс нохойнууд байгаа, Балданпүрэв байгаа юм чинь юунаасаа айх вэ дээ” гээд л.

Нэг удаа манайд худ ирчихсэн байсан юм. Хүүхдүүд адуу хашиж байтал Балданпүрэв бас л цуг яваад оччихсон байж. Тэгсэн чинь манай хүүхдүүд л “Балданпүрэв гуай холдоорой, дайруулав дайруулав” гээд л байсан юм. Дараа нь хоол цай идэх болоод худ аа дээшээ суу хоолоо ид болтол "Хөөе, нөгөө Балданпүрэв гуайг дуудаад хоол идүүл" гэхээр нь бид нар "Юу вэ, тэр чинь ямаа шүү дээ" гэсэн чинь "Өө тийм үү? Би та нарыг хүний тухай яриад байна, Балданпүрэв гэдэг өвгөн байгаа юм байх гэж бодлоо шүү дээ" гээд инээлдээд.

Нохойнууд 10, 20-иороо зодолдоод бөөн юм болоход л айлын нохойнууд манай нохой руу ухасхийхэд энэ чинь дунд нь явж байгаа юм чинь. “Хөөе Балданпүрэв ээ нааш ир нааш ир. Чи чинь ямаа хөөе идүүлнэ барина” гээд л. Айлын танихгүй нохой бол бариад хаячих байлгүй дээ. Тэгэхээр л нөгөө нохой дунд нь очихоор хөл мөлийг нь эвэртэй хийгээд хөшчихсөн ч байж байх шиг. 

Чинбааг (Бага хүү) сургуульд явахад нь дагаад явчихаж байгаа юм чинь. Машин дагаад давхисаар байгаад тэр доор очоод эцээд. Тэгээд айлын хүмүүс утасдаад “Хүүе ээ танай Балданпүрэв чинь энд эцчихсэн байгаа шүү. Ирж аваарай” гээд. Тэгээд машинаар очиж авч байгаа юм. Машинд ороод сурчихсан. Яг хүн шиг хаалгыг нь онгойлгохоор үсэрч ороод л суучихна. Эцэж ядарвал.

Банхарууддаа бол аймар дээрэлхүү. Төмпөнтэй ус тавиад өгөхөөр нохойнууд уух гээд ирэхэд нь энэ чинь бүгдийг нь хөөгөөд явуулчихна. Нохойнууд нь энэ амьтныг ууж дуусахыг хүлээж байгаад л долоодог юм уу даа. Ишиг гаргаснаасаа хойш жоохон намба суух маягтай байна. Гэхдээ л ишгэнд нь хүрэх юм бол дуусаа, нөгөө хэдэн нохой маань хяргуулна шүү дээ. Мөргүүлээд, хөл гараа хөшүүлээд л аймар дээрэлхэнэ. Манай хэдэн нохой чинь энэ ямаанд хүрч ч чадахгүй.

Хэнтий аймагт аялал жуулчлалын үзэсгэлэн болоход нэг герман хүн ирсэн юм. Тэр хүн дандаа жуулчид авчирдаг, тэгээд баахан зураг авдаг юм билээ. Хожим нь нэг танилцуулга сэтгүүл гартал манай Балданпүрэв яг нүүрэнд нь томоор гарчихсан байсан. Манай дүү нар олж хараад л, хөдөөг сурталчилсан тэр сэтгүүлийн нүүрийг манай ямааны зургаар эхлүүлсэн байсан даа.

Бааштай ч гэхдээ их зоригтой шүү. Шөнө орой болоход л өөрийгөө нохой гэж бодчихсон намайг дагаад л яваад байна.

-Бунданпүрэв гэрт та хэдтэй хамт байдаг юм уу?

-Тэгнэ шүү дээ. Орой болохоор оруулаад л хонохгүй бол эх нь нохой, шувуугаа дагаад л ийшээ тийшээ бэлчээд л явчихна. Хаалга үүд онгорхой байвал ороод ирнэ. Тогоотой сүү хөөрүүлсэн байвал дээд талын цөцгийтэй хэсгийг нь ялгаж уугаад, доод талыг нь орхичихдог гэхээр ямар санаатай гээч.

Аймар эвтэй байгаа биз дээ манай хэд. Балданпүрэв хэвтэнэ. Ишиг нь хэвтэнэ. Хажууд нь нохой нь хэвтэнэ. Тэгээд муур нь хэвтэнэ. Муур, нохой нь бүгдээрээ нийлчихсэн. Тэгээд мотоцикльтой хүмүүс ирэхээрээ нохой, ямаа, муур бүгдийг нь холдуулаарай. Бараг бүгд дайрч магадгүй шүү. Мотоцикльтой хүн явахаар нохой ухасхийхэд энэ ард нь ухасхийсэн л явж байна. Олон нохойтой байдаг болохоор энэ бүр өөрийгөө нохой гээд л бодчихсон.

374f10f2a7e14f21866816d3285d9ba0

Нэг удаа энэ ямааг чинь бусадтай нь ижилсүүлэх гээд урд талын айлын хонь руу аваачиж тавьж үзсэн юм. Тэгсэн чинь гүйгээд л хүрээд ирж байгаа юм чинь. Нохой шиг нөгөө хэдийг чинь үзэхгүй. Айлын нохойнууд явж байхад тэнд оччихсон л явж байгаа юм чинь. Нохойтой аягүй найз. Айлын нохойнууд өөрийн нохой руу дайрвал нийлээд л үзэж байгаа юм чинь.

Нөхөр бид хоёр дөрвөн хүү, адуу, үхэртэйгээ өвөл болохоор эндээ өвөлждөг. Харин зун болохоор Тэрэлж рүү дөхөж буугаад жуулчид авч, морь унуулан хээрийн аялалд гардаг юм. Майхантай хээр хонож, гадаадын жуулчдад монгол ахуйгаа харуулж, монгол өв соёлоо дэлхийд сурталчлахын төлөө хичээж явдаг юм аа. Зарим гадаад хүмүүс монголчуудыг бараг л омог, урцны хүмүүс гэж төсөөлж ирдэг. Тэгээд тэдэнд монгол ахуйнхаа аль сайхан, гэгээн сайхан талыг харуулж, ирсэн хүн бүр сэтгэл хангалуун буцаасай л гэж боддог юм.

ae4ec93d224645b9b0f3ec6e72c7906f

 Бага хүү Г.Чинбат:

-Тийм хөөрхөн амьтаныг чинь хүйтэн мөндөртэй шөнө юу гэж зам дээр орхиод явж байх вэ дээ. Бас жоохон хүний сэтгэл байна шүү дээ.

Анх олоход дөнгөж төрөөд хөдөлж чадахгүй, уут нь гадуур нь хөлдчихсөн тийм жоохон амьтан байсан. 12 гөлөгтэй өссөн. Ямаа байхгүй байсан юм чинь нохойтой өссөөр байгаад нохойны зан сураад. Энэ чинь айхтар хүний яриа ойлгоод байдаг юм. Хорхог, эсвэл ямааны мах гэхээр гомдоод яваад өгчихдөг.

Балданпүрэв гэдэг нэрийг манай дунд ахын найз нь манайд ирж таараад, бид хэд ямар нэр өгөх вэ гэж ярилцаж байгаад Балданпүрэв болгосон юм. Ишиг нь төрөөд дөнгөж сар л болж байгаа даа. Балданпүрэвтэй адилхан сонсогдоод байхаар нь бас хөөрхөн болохоор нь Бунданпүрэв гэж нэр өгсөн. Манай Балданпүрэв боорцог иднэ, талх иднэ, цэцэг иднэ, шоколадтай чихэр иднэ, өвс иднэ, сүү ууна.

Төв аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Гантулга:

-Наадмын үеэр жуулчид гээд хөл толгой олдоггүй, хүн амьтан ихтэй завгүй л байдаг юм. Нэг өдөр морь унуулаад байж байтал урд талын айлын Гамбаа ах манай эхнэрт "Хөөе, Сэржээ! Балданпүрэвийг чинь Бээрдийн гармын энд хэдэн хүн барьж аваад алах гэж байна шүү" гэж хэлжээ.

Тэгэхээр нь л сандраад би гэрийн гаднаас мотоцикль асаалаа. Тэр үед дунд хүү Тэрэлжид морь унуулаад явж байсан юм. Ээж нь сандраад хэл дуулгаж, дунд хүү морьтойгоо, бага хүү тугалаа орхиод дугуйтайгаа гурван талаас нь л давхиж очив оо. Тэгсэн чинь Балданпүрэвийг таньдаг хүмүүс өхөөрдөөд чихэр, жимс өгч байсан хэрэг. Тэр амьтан чинь чихэр, жимсэнд их дуртай, амттай юм идээд байж байсныг нь хүмүүс “алах гэж байна” гэж андуураад л бид хэд сүйд болцгоосон доо.

Тэгсэн чинь манай дунд хүү "За, алаад идсэн байлаа гэхэд толгой, шийр, хөлөөр нь танина аа" гэж бодсон гэсэн.

Энэ чинь хол бэлчдэггүй болохоор дөрвөн туурай нь уртасчихдаг юм. Тэгээд хаварт нэг, намарт нэг педикюр хийлгэнэ шүү дээ! Туурайг нь тайрч тэгшлэхгүй бол сунаад “тап, тап” гээд л дуугараад яваад байдаг юм. Одоо бас нэг педикюр хийлгэх болсон. 

Бага хүү болохоор "За, ямар ч байсан алаад идсэн байлаа гэхэд би ёстой тэр хүмүүсээс муу Балданпүрэвийнхээ оронд дааж давшгүй их мөнгө нэхнэ дээ" гэж бодож байсан.

Ноднин хавар найзууд ирээд “Яргуй идсэн ямааны хорхог хийе” гээд нэг айлаас ямаа авсан чинь яг манай Балданпүрэвтэй адилхан халзан ямаа таарчихдаг байгаа. Тэгээд ямаагаа боогоод байж байтал манай хэд бичлэг хийгээд найзуудын групп дээр тавьчихжээ.

Тэгсэн чинь гадаад, дотоодод байгаа найзууд залгаад л "Та нар турж үхэх гэж байна уу. Балданпүрэвийг идчих лээ" гээд л сүйд. Үгүй ээ, энэ Балданпүрэв биш ээ гэсэн чинь "Битгий худлаа ярь, толгой нь яг мөн байна!" гээд байдаг. Үгүй ээ, Балданпүрэв яг гадаа байна гэтэл "Тэгвэл Starlink-ээр видео колл хийгээд харуул, хаана байна?" гээд л сүйд болсон шүү.

Энэ бас их ухаантай, ялгаварлаж харьцах гээч нь айхтар. Жуулчдыг бол хэзээ ч мөргөж хөөхгүй. Харин дүү нарын хүүхдүүд тоглож байгаад өдвөл хэнийг нь ч андахгүй мөргөөд л хөөчихнө. Амттай юм өгвөл зүгээр орхичихно, юм өгөхгүй бол мөргөөд л элдэнэ дээ.

Малчин хүн бүр малтайгаа ийм л амьд харилцаатай уялдаж амьдардаг юм даа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.