Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийнхэн авлигын хэрэгт холбогдов
Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Энхболдыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татан 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байна. Түүнийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас их хэмжээний хахууль удаа дараа авсан хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж буй аж.
Бидэнд олдсон мэдээллээр Б.Энхболд нь дуусаагүй барилгын бичиг баримтыг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Ийм байдлаар 30 орчим иргэн, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй аж. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн мягмар гараг буюу есдүгээр сарын 29-нөөс эхлэн яллагдагчаар татан, цагдан хорьсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнуудтай холбоотой хэрэг ганц энэ биш. Б.Энхболдоос өмнө тус хэлтсийн эрх бүхий албан тушаалтан болох Т.Отгонжаргалыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.Энхманлайгийн хүсэлтээр бусдад давуу байдал олгосон гэнэ. Тодруулбал, иргэн С.Г гэх хүний иргэний үнэмлэхийн лавлагааг гарган өгчээ. Түүнийг нь иргэн Ц.Элбэгзаяа ашиглаад С.Г-ийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Рашаант өртөөний орчимд байрлах 9999 ам метр газрыг нэр дээрээ шилжүүлээд авчихсан гэнэ. Үүний улмаас иргэн С.Г-т 933.7 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Уг хэргийг саяхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.