🔴С.Амарсайхан: Эйпштэйний сонсголын үеэр ил болсон гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой

AI хөрвүүлсэн
🔴С.Амарсайхан: Эйпштэйний сонсголын үеэр ил болсон гэмт хэргийн шинжтэй мэдээллүүдийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Амарсайхан цаг үеийн болон УИХ-д өрнөж буй асуудлууд, тухайлбал, Эйпштэйний сонсгол, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээллээ. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Амарсайхан: 

-Өнөөдөр явагдаж байгаа сонсгол нь зөвхөн нэг хүнийг шүүх, гэм бурууг нь тогтоох, эсвэл гаднын иргэн болон нас барсан хүний тухай ярих төдий асуудал биш. Түүний цаана Монгол төрийн хар хайрцгийн бодлого, үндэсний аюулгүй байдал, төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад гадна, дотнын нөлөөлөл байсан эсэх, ямар мэдээлэл алдагдсан, тусгаар Монгол Улс бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрээ бие даан гаргаж чадаж байгаа эсэх зэрэг улс орны хувь заяа, үндэсний дархлаатай холбоотой суурь асуудлууд хөндөгдөж байна. 

Мөн сонсголын үеэр яригдсан 24 хүүхдийн асуудлын хүрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдал, хойч үеийн хувь заяаны асуудал хөндөгдөж байна. Хүний эрхийн болон хүүхдийн эрхийн байгууллагууд хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа, хүүхдүүдтэй биечлэн уулзаагүй нөхцөл байдалтай байна. Хэрэв тэдгээр хүүхдүүд эрүүл саруул, элдэв гэмт хэрэг, зөрчил, улс төрийн явцад ашиглагдаагүй, орхигдоогүй бол холбогдох албаныхан өөрсдөө ил гарч ирэн тодорхой мэдүүлэг өгөх ёстой. 

Сонсголын явцад ил болсон хууль бус нислэг, хөдөлмөрийн мөлжлөг, хууль бус алт олборлолт, алт угаах гэмт хэргүүдийг хууль хяналтын байгууллагууд нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай. Өнөөдөр төрийг, тэр дундаа Засгийн газраа барьцаалах түвшинд хүрсэн хууль бус алт олборлолт, түүнийг хамгаалж хуулийн нэрээр халхавчилсан, төрийн өндөр дээд цол мөрдсөөр эрх мэдлээ хамгаалсан бүлэглэлүүдийн үйл ажиллагааг цогцоор нь шалгах ёстой. 

Намайг сайдаас чөлөөлөх асуудал юу ч биш. Одоо болж өрнөж байгаа үйл явц, улс төр, нийгмийн нөхцөл байдал, улс орны дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Би хувь хүнийхээ талаар гомдоллож байгаа юм ерөөсөө биш. Энэ бол улс орны хувь заяа, та бидний амьдрал, тусгаар улс байх эсэх тухай асуудал юм.

Хэдэн их наядаар хэмжигдэх эдийн засгийн далд сүлжээг үүсгэсэн хууль бус алт олборлолт, Хэдэн арван мянган залуусын ирээдүйг сүйтгэж байгаа хар тамхины асуудал, иргэдийг хууль бусаар тагнаж, чагнах, мөрдөх гүйцэтгэх ажиллагаа явуулж буй байдал болон түүний ард захиалагчаар ажилладаг улс төрчдийн нөлөөлөл өнөөдөр Монгол Улсад нүүрлэж, аюул дагуулж байна. 

Эдгээр хууль бус үйлдлүүд хууль сахиулах байгууллага, тэр дундаа цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түвшинд аалзны тор шиг сүлжигдэж, засаг төрөө барьцаалж, төсөв хөрөнгө оруулалт болон хууль бус үйлдлээрээ төрийн тогтолцоог гацааж буйг өнөөдрийн үйл явдлууд тодорхой харуулж байна. 

УИХ дээр Хууль сахиулах байгууллагын тусгай хяналтын дэд хороо байгуулах асуудал тавдугаар сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөгдсөн ч сүүлийн долоо хоногуудад өдөр бүр хойшлогдож байгаа нь хууль бус үйлдлийн ул мөрийг баллах хугацаа хожих гэсэн оролдлого. 

УИХ-ын гишүүдийн санаачилгаар хууль сахиулах байгууллагуудын хүний эрхийн зөрчил, хууль бус ажиллагааг хянан шалгах Түр хороо байгуулах гарын үсэг цуглуулагдаж дууссан. УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Нийтэд дэлгээгүй олон баримт нотолгоо надад байгаа. Дараагийн шатанд Тусгай хяналтын дэд хороо, Түр хороо, түүнчлэн Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хамтарсан хаалттай хуралдаанаар Монгол Улсын хилээр орж, гарсан иргэдийн мэдээлэл устсан зэрэг ноцтой асуудлуудыг шат дараатайгаар танилцуулж, ярих болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.