Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений нийслэл болон Ходейда боомтод цохилт өглөө
Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл Йемений нийслэл Сана хот болон Улаан тэнгисийн стратегийн Ходейда боомт зэрэг хэд хэдэн бүс нутагт цэргийн томоохон ажиллагаа эхлүүлж, агаарын цохилт өглөө. Уг цэргийн ажиллагаа нь Хусит зэвсэгт бүлэглэл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Абдуллагийн санхүүгийн төвд байрлах Төрийн хөрөнгө оруулалтын сангийн өндөр цамхаг руу пуужин харвасан халдлагын хариу арга хэмжээ болж байна.
Эвслийн төлөөлөгч, хошууч генерал Турки аль-Маликигийн мэдэгдсэнээр цэргийн ажиллагааны гол зорилго нь зэвсэг болон баллистик пуужин хууль бусаар тээвэрлэхэд ашигладаг дэд бүтцийг устгах явдал байв. Агаарын дайралт эхлэхээс өмнө энгийн иргэдэд Ходейда боомтын бүсээс гарахыг сэрэмжлүүлсэн бөгөөд Йемений Мэдээллийн сайд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг нотолжээ. Үүний зэрэгцээ нийслэл Сана хотод цэргийн долоон байршил, пуужин болон нисгэгчгүй онгоцны эд анги угсрах зургаан цех, гол агуулахыг устгаснаа эвсэл мэдээлсэн бол Таиз мужийн цахилгаан станц мөн дайралтад өртсөн байна.
Цохилтын дараа Хусит бүлэглэл Саудын Арабын баруун өмнөд хэсгийн Жазан болон нийслэл Эр-Рияд хот руу баллистик пуужингууд харвасныг эвслийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин амдан устгажээ. Хуситын цэргийн төлөөлөгч Яхья Сари агаарын тээврийн компаниудад хандан Мекка, Медина хотоос бусад Саудын Арабын агаарын орон зайг аюултай бүсэд тооцож буйг зарласан байна. Түүнчлэн Жидда, Янбу зэрэг Улаан тэнгисийн боомтуудад байгаа хөлөг онгоц, ажилтнуудыг нэн даруй гарахыг шаардаж, цохилтоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Цэргийн сөргөлдөөн даамжирснаар энгийн иргэд амь насаараа хохирч байна. Йемений баруун өмнөд эрэг орчмоор дүрвэгсдийг тээвэрлэж явсан завинд агаараас цохилт өгсний улмаас 19 хүн амиа алдсаныг Сана хотын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Сүүлийн 24 цагийн дотор нийт 41 хүн нас барсан гэж Хуситын албаныхан мэдэгдсэн бол засгийн газрын хүчин Хуситын олон тооны зэвсэгт дайчдыг устгасан гэж тайлагнав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч төлөөлөгч Фархан Хак Ходейда боомтод өгсөн цохилтод гүнээ түгшиж буйгаа илэрхийллээ. Учир нь энэ боомт сая сая йеменчүүдэд хүмүүнлэгийн тусламж, хүнсний хангамж хүргэх амин чухал гарц болдог. Олон улсын байгууллагаас талуудад олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг дагаж мөрдөх, энгийн иргэдийн дэд бүтцийг хамгаалах, улс төрийн яриа хэлэлцээнд яаралтай эргэн орохыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.