🔴О.Батнайрамдал: Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид жил бүр ногдол ашгаа авах ёстой

AI хөрвүүлсэн
🔴О.Батнайрамдал: Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд бид жил бүр ногдол ашгаа авах ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Оюутолгой” төслийн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгохыг шаардсан 100 мянган иргэний өргөдлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал уг асуудал болон гишүүдийн дунд үүсээд буй инфляцын маргааны талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Лодойсамбуу гишүүн "Ард түмэн ногдол ашиг авахыг хүсэхгүй байгаа" гэх утгатай үг хэллээ. Засгийн газраас E-Mongolia системээр дамжуулан 100 мянга гаруй иргэнээс санал асуулга авахад 95 хувь нь ногдол ашиг авах ёстой гэж хариулсан. Бид бүгдээрээ л ногдол ашиг авахыг хүсэж байна. Энэ бол 17 жил хүлээсэн үр дүн. Анх удаа бодитоор ирж буй боломж юм. 17 жилийн турш үргэлжилсэн эс үйлдэхүй, маш олон үе шат дамжлагыг туулж байж өнөөдөр авчирч буй ногдол ашиг. 

Бид Үндсэн хуульдаа стратегийн ордыг ард түмний өмч хэмээн тунхаглан баталгаажуулсан. "Ард түмний өмч юм бол яагаад цөөн хэсэг нь баяжаад, нийт иргэдэд хүртээмж нь ирэхгүй байна вэ" гэдэг нь иргэдийн бухимдал юм. Тэгэхээр ард түмэн өмчөө эзэмшиж, тэр нь ашигтай ажиллаж байгаа бол ногдол ашгаа авах нь Үндсэн хуулийн зүй ёсны шаардлага мөн. Үүнийг бид биелүүлэх ёстой. Түүнчлэн цугласан 100 мянга гаруй иргэний гарын үсгийн 60 хувийг 18–39 насны залуучууд бүрдүүлж, ногдол ашгаа бэлнээр авах санал гаргасныг хүндэтгэн үзэх учиртай. 

Ногдол ашиг бодитой орж ирэх эсэх тухайд "Одоо хүнд нөхцөлтэй хэлэлцээрт орж буй Засгийн газар уг асуудлыг хуулийн төсөлтэй хамт өргөн барьж, УИХ-тай хамтран ногдол ашиг авахаар баталж байна. Хууль болгон баталсны дараа ногдол ашиг төлөгдөж л таарна. Учир нь "Оюутолгой" компани дээр бэлэн мөнгөний хангалттай урсгал үүссэн. Энэ оны төгсгөл гэхэд 18–20 их наяд төгрөгийн эерэг мөнгөн урсгалтай ажиллах нь ойлгомжтой байгаа. Үүнээс бид ердөө гурван их наяд төгрөгийг л ногдол ашиг болгон авч байна. Тиймээс энэ бол хүлээн зөвшөөрөх ёстой Засгийн газрын бодит гавьяа мөн. 

Инфляц ярьж байгаа бол 10 их наядаар тэлж, 41 их наяд төгрөгт хүрсэн төсөв хэлэлцэж байхдаа яагаад яриагүй юм бэ? Инфляцын зорилтот түвшнийг 6–8 хувь гэж баталсан атлаа ард түмэнд очих гурван их наяд төгрөг дээр л инфляц яриад байж болохгүй. Энэ бол хөндлөнгөөс харвал хоёр нүүр гаргаж буй хэрэг. Ногдол ашгийг ард түмэнд нь олгох ёстой. Ирэх 10–15 жилд "Оюутолгой" төсөл жил бүр 8–10 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, өндөр эерэг мөнгөн урсгалтайгаар үр шимээ өгөх гэж байна. Энэ цаг үед бид жил бүр ногдол ашиг авах уу үгүй юү гэдгийг шийдвэрлэх суурь тавигдаж буй тул ногдол ашиг тараах нь наад захын бөгөөд өндөр ач холбогдолтой асуудал. 

"Рио Тинто"-гийн албан ёсны сайтад нийтлэгдсэн энэ оны есдүгээр сарын 30-ны тайлангаар 312 мянган тонн зэс олборлон борлуулж, ойролцоогоор зургаан тэрбум ам.долларын орлого төвлөрүүлсэн байна. Оны эцэст энэ дүн 7.5–8 тэрбум ам.долларт хүрч, эерэг мөнгөн урсгал нь 18–20 орчим их наяд төгрөг болох төлөвтэй байна. Засгийн газраас төсөвт суулгасан гурван их наяд төгрөг гэдэг бол эхлэл бөгөөд цаашид хэлэлцээрийн хүрээнд нэмэгдэх бүрэн боломжтой. Бид 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд цаашид ч жил бүр ногдол ашгаа авч, Монгол Улсын эрх ашгийг хангах ёстой. Ингэснээр УИХ-ын 120 дугаар тогтоолд заасанчлан, хөрөнгө оруулагчийн анх амласан Монголын талын 53 хувийн үр өгөөжийг хүртэх нөхцөл бүрдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.