🔴Ш.Батбаяр: Нөмрөгийн дархан цаазат газрын 400 гаруй мянган га талбай шатжээ

AI хөрвүүлсэн
🔴Ш.Батбаяр: Нөмрөгийн дархан цаазат газрын 400 гаруй мянган га талбай шатжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр:

-Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын хэсэг Ойн тухай хуулийн дагуу сумын Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ус, хөрс, амьтан, ургамлын чиглэлээр нарийн мэргэшсэн шинжээчдийн багийг нэмэлтээр томилон ажиллууллаа.

Мөн дархан цаазат газрын явган хүн болон мориор хүрэх боломжгүй, бартаа ихтэй бүс нутгуудад нисдэг тэрэг гарган ажиллуулж, хохирол тогтоох ажлыг шуурхайллаа. Бид хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 16-ны дотор хохирлын урьдчилсан үнэлгээг гарган цагдаагийн байгууллагад хүргүүлээд байна.

Түймэрт өртсөн талбайн хэмжээ анх мэдээлж байсан 400 гаруй мянган га-гаас тодорхой хэмжээгээр багассан хэдий ч энэ нь асар уудам нутаг дэвсгэр тул учирсан хохирлын хэмжээ их байгаа юм. Цаашид шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилж, анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл болон хохирлын үнэлгээнд шинжилгээ хийнэ. Ингэснээр хохирлын эцсийн дүн тодорхой болж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн процесс үргэлжилнэ.

Шинжилгээ хийх ажил нь үндсэндээ нэг сарын хугацаанд явагдана. Хэрэв шинжээч шаардлагатай гэж үзвэл хугацааг сунгах боломжтой. Манай яамны хувьд улсын тусгай хамгаалалттай газар нутаг маань түймэрт өртөж сүйдсэн тул хохирогчийн байр сууринаас оролцож, хохирлын анхны тооцооллыг гаргасан. Нөмрөг нь Дархан цаазат газар тул экологи-эдийн засгийн хохирлын нөхөн төлбөрийг хуулийн дагуу гурав дахин өсгөж тооцдог зохицуулалттай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.