Тусгай замын автобус (BRT) төслийн явц, хэрэгжилтийн талаар санал солилцлоо
Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг 2026 оны 11 дүгээр сарын 03–06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, Тусгай замын автобус (BRT) төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтад Нэгдсэн төслийн удирдлагын газрын захирал З.Батырбек, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Анударь, Тусгай замын автобус төслийн ахлах инженер Г.Баасандагва, Азийн хөгжлийн банкны тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Дэй Кастелли, ажлын хэсгийн ахлагч, тээврийн мэргэжилтэн Жихээ Ким болон холбогдох албаныхан оролцов.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, BRT-ийн шинэчилсэн трасс, институцийн зохион байгуулалт, хүний нөөцийн бүрдүүлэлт болон Төслийн удирдах хорооны үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Түүнчлэн Толгойтын уулзвар болон баруун чиглэлийн өргөтгөлийн концепц зураг төсөл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил, DED/CS болон DOD зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт, гэрээ байгуулах явц, 2027–2029 онд автобус худалдан авах төлөвлөгөө болон автобусны депо байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Мөн төслийн байгаль орчин, нийгмийн хамгааллын шаардлагын хэрэгжилт, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, оролцогч талуудын оролцоог хангах асуудал, төслийн гүйцэтгэлийн хяналт, тайлагнал, санхүүжилтийн төлөвлөгөө болон зээлийн хөрөнгийн зарцуулалтын талаар санал солилцсон юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын төлөвлөгөөг харилцан тохиролцлоо. Томилолтын үр дүнг Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч танилцуулснаар ажлын хэсгийн уулзалт өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.