Nvidia-гийн хэрэг явдлын ард АНУ болон БНХАУ-ын технологийн өрсөлдөөн, микрочипний экспортын хяналт нуугдаж байна
Дэлхийн хиймэл оюун ухааны чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч Nvidia компанийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн гишүүн Женсен Хуанг хувийн ёс зүйн дуулиан болон гадаад тагнуулын эрсдэлтэй холбоотойгоор албан тушаалаасаа бүрмөсөн огцорлоо. Тэрбээр шууд удирдлагад нь ажилладаг удирдах албан тушаалтан болон БНХАУ-ын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгдсэн Сингапурын компанийн төлөөлөгчтэй дотно харилцаатай байсан нь тодорхой болсны дараа Төлөөлөн удирдах зөвлөл түүний шийдвэрийг хүлээн авсан байна.
Хувийн харилцааны асуудал ил болсны дараа Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөл яаралтай хуралдаж, Хуангийн өөрийн хүсэлтээр огцрох өргөдлийг баталжээ. Мэдээллээр тэрбээр тус компанийн удирдах ажилтан Кимберли Пауэлл болон Сингапурт төвтэй Megaspeed компанийн удирдах ажилтан Элис Хуанг нартай гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон нь тогтоогдсон байна. Үүнтэй холбогдуулан компанийн ТУЗ-өөс корпорацын нууц мэдээлэл болон үндэсний аюулгүй байдал алдагдсан эсэхийг нарийвчлан шалгуулахаар "Wachtell, Lipton, Rosen & Katz" хуулийн фирмийг хөлслөн хараат бус шалгалт эхлүүлжээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Тодд Бланш уг асуудлын талаар мэдээлэхдээ Элис Хуангтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч Хууль зүйн яамнаас түүнийг бэлтгэгдсэн тагнуулч байсан гэсэн эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй байгааг мэдэгдсэн байна.
Энэхүү үйл явдал нь хувь хүний ёс зүйн асуудлаас гадна АНУ болон БНХАУ-ын технологийн өрсөлдөөн, микрочипний экспортын хяналттай шууд холбогдож байгаа юм. Шалгагдаж буй Элис Хуангийн ажилладаг Megaspeed компани нь Nvidia-гаас 4 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий чип худалдан авсан томоохон харилцагч байжээ. АНУ-ын холбогдох албаныхан Megaspeed компанийг хориг арга хэмжээг зөрчин дэвшилтэт хагас дамжуулагчдыг БНХАУ-ын хоригт орсон байгууллагууд руу хууль бусаар дамжуулан нийлүүлсэн гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ.
Женсен Хуанг БНХАУ-ын хагас дамжуулагчийн зах зээлийг хамгаалах байр суурийг удаан хугацаанд илэрхийлж, тус улсын хиймэл оюун ухааны чипний эрэлт 50 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байв. Гэвч Вашингтоны зүгээс дэвшилтэт технологийг цэрэг, батлан хамгаалах чиглэлд ашиглахаас сэргийлэн экспортын хатуу шалгуур тогтоосон нь тус компанийн орлогод сөргөөр нөлөөлсөн юм. Nvidia дүрэм журамд нийцсэн үзүүлэлт багатай чип үйлдвэрлэж байсан боловч дараа дараагийн экспортын хязгаарлалтын улмаас нийт 5.5 тэрбум ам.долларын алдагдал амсаад байжээ.
Дэлхийн хиймэл оюун ухааны дэд бүтцийг тодорхойлогч гол тоглогчийн удирдагч ийнхүү ажлаа өгсөн нь их гүрнүүдийн технологийн салбар дахь хяналт шалгалтыг улам чангатгаж байна. Хагас дамжуулагчийн хууль бус худалдаа болон худалдааны хязгаарлалтын эргэн тойрон дахь хурцадмал байдал цаашид Nvidia компанийн зах зээлийн байр суурь төдийгүй дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд урт хугацааны тодорхойгүй байдал үүсгэх төлөвтэй байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.