Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмжийг ажлын 55 өдрөөр тооцож олгоно
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2026 оны долоодугаар сарын 2-ны өдрийн хуулиар ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл, хугацаа болон шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, ажилгүйдлийн тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгохоор зохицуулж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 0.1 пунктээр нэмэгдүүлж, 0.6 хувь болгожээ.
Мөн ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх шимтгэл төлсөн хугацаа, тэтгэмж олгох хугацааг шинэчлэн тогтоосон бөгөөд уг өөрчлөлт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах даатгуулагч ажилгүй болохоос өмнө нийт 24 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлсөн, үүнээс сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Харин өмнө нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч дахин эрх үүсгэхийн тулд 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн есөн сард тасралтгүй шимтгэл төлсөн байна.
Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөний дараагийн өдрөөс эхлэн 76 хоногийн хугацаанд олгоно. Харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн даатгуулагчид ажлын 55 өдрийн хугацаанд олгохоор зохицуулжээ.
Тэтгэмжийн хэмжээг ажилгүй болохын өмнөх сүүлийн 12 сарын дараалсан хугацаанд авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцох юм. Эдгээр өөрчлөлт нь даатгуулагчийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэмжийн хэмжээг бодит орлоготой уялдуулахын зэрэгцээ шимтгэл төлөлтийг тогтвортой байлгаж, ажилгүйдлийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.