Nvidia компанийн гүйцэтгэх захирал дэд ерөнхийлөгчтэйгээ хувийн харилцаатай байсан нь мөн илэрчээ
Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч Nvidia корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Женсен Хуангийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр яаралтай хуралдсан тухай “The Wall Street Journal” болон “Reuters” агентлаг мэдээллээ.
Хувийн ёс зүй болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой дуулиан дэгдсэнтэй холбогдуулан компанийн бие даасан гишүүд 1993 оноос хойш тус байгууллагыг удирдаж буй түүнийг албан тушаалаас нь буулгах эсэх шийдвэрийг гаргахаар зөвлөлдөж байна.
Компанийн дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 11 гишүүний олонх нь үндэслэл шаардахгүйгээр гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эрхтэй байдаг. Одоогоор түүний албан тушаалыг залгамжлах тодорхой нэр дэвшигч гараагүй тул зөвлөл гадны хүний нөөцийн компанид хандаж, Женсен Хуанг огцорсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг томилохоор бэлтгэж эхэлснийг “Bloomberg” онцолжээ.
Энэхүү хямрал нь АНУ-ын тагнуулын байгууллагууд Сингапурт төвтэй “Megaspeed” компанийн удирдах ажилтан асан Элис Хуангийг БНХАУ-ын Төрийн аюулгүй байдлын яамны даалгавраар Женсен Хуангаас мэдээлэл цуглуулж байсан хэмээн сэжиглэснээр эхэлсэн юм. Улмаар Женсен Хуанг 41 жил ханилсан гэргий Лори Хуангоос гадуур харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрсөн ч тагнуулын шинжтэй ямар нэг холбоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч үүний дараахан түүнийг өөрийн удирдлага дор 18 жил ажиллаж буй Эрүүл мэндийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтай хувийн харилцаатай байсныг “The New York Times” илрүүлсэн нь дотоод ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчлийг зөрчиж, огцруулах шахалтыг түргэтгэв.
Уг дуулианы улмаас санхүүгийн зах зээлд хүчтэй савлагаа үүсэж, Nvidia компанийн хувьцаа биржийн дараах арилжаагаар 8 гаруй хувиар унаж, 158-159 ам.доллар болж буурлаа. Энэхүү уналт нь зах зээлийн үнэлгээнээс 400 орчим тэрбум ам.долларыг арчсан ба мөрдөн шалгалт зарлагдсанаас хойш нийт алдагдал 600 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүсээд буй тодорхойгүй байдлаас шалтгаалан “Baird” компани хувьцааны зорилтот үнийг 500-аас 200 ам.доллар болгон огцом бууруулжээ.
Нөхцөл байдал улс төр, эрх зүйн хүрээнд шилжиж, Калифорни мужид хөрөнгө оруулагчид үндэсний аюулгүй байдлын эрсдэлийг нуун дарагдуулсан хэмээн шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус хэрэгт Холбооны мөрдөх товчоо шалгалт явуулж буйг баталсан бөгөөд Сенатын гишүүд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж, компанийн бичиг баримтуудыг хадгалахыг шаарджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.