Төрд итгэх иргэдийн итгэл ба "Ард түмний колонк"
“Төрийн минь сүлд өршөө!” хэмээн мандах нарнаар цай сүүний дээжээ өргөсөөр байтал төр маань дааж дийлшгүйгээр данхайж толгой дээр гагнагдав. 220 мянган ажилтантай болж, хурган даргаар очсон хүн бүр цулайтал баяжиж байна.
Дааж давшгүйгээр данхайсан төрийг тэжээхийн тулд татвар нэмэв. Жижиг дунд бизнес хөл дээрээ зогсох ямар ч боломжгүй болж монголчууд тэр аяараа зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Багцаагаар 2012 оноос эхэлсэн энэхүү хэрэг явдал яв явсаар төрд итгэх иргэдийн итгэлийг үгүй болгосоор байна.
Төр тухайлбал, АИ92 шатахууны талаар юу ч гэж тайлбарлаад иргэд итгэхгүй байна. Иймдээ “ард түмний колонк барья” гэсэн иргэнд эргэлзээгүйгээр итгээд 160 сая төгрөг шилжүүлж орхилоо.
Энэ бол төрд итгэх иргэдийн итгэл “нойл” болсныг харуулж байгаа бэлээхэн жишээ юм.
Угтаа бол ард түмэн гэдэг алгын чинээ цаас л юм. Түүн дээр юу ч гэж бичиж болно. Ард түмэн гэдэг хоточ банхар юм. Нэг л итгэлээ бол итгэл алдахгүй дагана.
Харин үе үеийн эрх баригчид маань, намууд маань иргэдийн итгэлийг сэргээх талаар бодох байтугай албан тушаалтайгаа хэрхэн яаж үлдэх вэ гэдгийг л урьтал болгосоор байна. Албан тушаалын төлөө нэг нэгэндээ элдэв нэр хоч өгч, сошиалд дүүжилж байна.
Ажил, алба нь чухал болохоос ард түмний итгэлийн галыг сэргээх нь чухал биш ажээ. Чухал бишийг мэдрээд байгаа ард түмэн хоточ банхар шиг итгэж дагаж чадахгүй байна.
Уг нь иргэд төрдөө итгэхийг хүсэж байна. Өглөө бүр цай сүүний дээжээ өргөн “Төрийн минь сүлд өршөө!” хэмээн залбирахыг хүсэж байна. Хэрэв итгэлийн галыг бадраагаад өгвөл насан туршид нь ажил, албатай байлгахаас цааргалахгүй л болов уу.
Үүнийг мэдрэхгүй байна уу, эсвэл мэдрэхийг хүсэхгүй байна уу?
Жич: Шог зураач С.Цогтбаярын зургийг ашиглав
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.