🔴АН: Сайжруулсан түлшинд 900 гаруй иргэн угаартаж нас барсан асуудлаар төр буруутай болохыг УДШ тогтоосон

AI хөрвүүлсэн
🔴АН: Сайжруулсан түлшинд 900 гаруй иргэн угаартаж нас барсан асуудлаар төр буруутай болохыг УДШ тогтоосон

Ардчилсан намаас "11:00 цагийн мэдээллийн цаг"-аар цаг үеийн тулгамдсан асуудлууд болон хууль эрх зүйн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Миний бие Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан ажиллаж байна. Энгийнээр хэлбэл, орон сууцны доорх авто зогсоол буюу гарааш, эсвэл амины орон сууцны бүтцэд багтсан гарааштай иргэдээс үл хөдлөх эд хөрөнгийн татварыг давхардуулан авч байгаа зохицуулалтыг өөрчлөх юм. Гарааш бол амины болон нийтийн орон сууцны салшгүй нэг хэсэг тул үүнийг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн тул тун удахгүй УИХ-д өргөн барихаар боллоо.

Хуулийн үндсэн агуулга нь иргэний өмчлөлд бүртгэлтэй зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэгийг албан татвараас чөлөөлөх явдал юм. Хэрэв иргэн хоёр зогсоолтой бол сонголтоороо аль нэгийг нь чөлөөлүүлнэ. Энэ нь нийслэл хотын иргэдэд нэн хамааралтай зохицуулалт. Уг хууль батлагдаж хэрэгжвэл нийт 57,453 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж, иргэдийн халааснаас гарах байсан 20.8 тэрбум төгрөгийн татварын хэмнэлт үүснэ.

 

Миний бие хагас зуун жил Улаанбаатар хотод амьдарч буй иргэний хувьд хэлэхэд хот гэдэг хүний мөрөөдөл биелдэг, аз жаргалын соронзон орон байх учиртай. Гэтэл сүүлийн 10 жил нийслэлийн удирдлагын бохирдол, буруу бодлогын улмаас хот маань гамшгийн байдалд орлоо:

  • Агаарын бохирдол: Амьсгалын замын өвчлөл болон хорт хавдрын голомт болсон.
  • Замын түгжрэл, дуу чимээний бохирдол: Иргэд өдөр бүр түгжрэл, машины дуут дохионы стресс дотор амьдарч байна.
  • Ёс суртахууны бохирдол: Нийслэлийн удирдлагууд өөрсдийн авлига, эрх мэдлээ хамгаалахын тулд троллын арми ажиллуулж, сошиалаар нийгмийн сэтгэл зүйгээр наадаж байна (cognitive warfare).
  • Удирдлага, зохион байгуулалтын мухардал: Сүүлийн 10 жил засагласан эрх баригчид иргэдийнхээ төлөө ажиллах чадамжгүй болсныг харууллаа.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Ган-очир 

-Өнгөрсөн 2019 оноос хойших 7 жилийн хугацаанд сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж Улаанбаатар хотын 900 гаруй иргэн амь насаа алдлаа. 2024 оны утааны сонсголоор Ж.Чинбүрэн эмч 779 хүн нас барсныг зарласан. Түүнээс хойш өнгөрсөн жил 110 орчим хүн угаарын хийнд хордож амиа алдсан. Энэ чинь Халхын голын дайн уу, Орос-Украины дайн уу? МАН-ынхан 'Улаанбаатарыг утаагүй болгоно' гэсэн пи-ар хийж, сонгуулийн мөнгө босгохын тулд Монгол Улсын стандартыг огоорон, 900 гаруй иргэнийхээ амийг авч одлоо.

Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Ерөнхийлөгч үүрэх үү, Ерөнхий сайд үүрэх үү, УИХ-ын дарга үүрэх үү, одоогийн болон өмнөх хотын дарга нар үүрэх үү? Тэд зөвхөн олон нийтийн сүлжээгээр бие бие рүүгээ дайрч лайв хийгээд л өнгөрч байна.

Толгойтод барьсан сайжруулсан түлшний үйлдвэр нь хаагдаж, Налайхынх нь арай ядан ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд 2 их наяд төгрөгийн өр үлдсэн бөгөөд жил бүр хотын иргэдийн татварын мөнгөнөөс 300 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс худалдан авч байна. Энэ бол МАН-ын бизнес болсон. 900 хүний амиар туршилт хийчихээд дахин хагас коксын үйлдвэр барина гэж ярьж байна.

Энэ өвөл нийслэлд нэг л иргэн угаартаж амиа алдвал хотын Захирагч Б.Пүрэвдагва хариуцлагаа хүлээж, огцрох ёстой. Нийслэлийн 5.2 их наяд төгрөгийн төсвийг 1.6 их наядаар танаж байна. Үүнд трамвай, метро, хурдны замын төслүүд бүгд хасагдсан тул түгжрэл хэвээрээ гацна, утаа, угаарын асуудал шийдэгдэхгүй.

МАН-ынхан өнгөрсөн хугацаанд 'Иргэд өөрсдөө галлагаагаа буруу хийснээс болж угаартаж нас барсан' гэж ард түмнийг доромжилж ирсэн. Гэтэл Ардчилсан намын 6 жилийн турш хийсэн хууль, өмгөөллийн тэмцлийн үр дүнд төр иргэнээ угаартуулсан болохыг Улсын Дээд шүүх анх удаа тогтоож шийдвэрлэсэн чухал үйл явдал боллоо гэв. 

Хуульч Ариунболд:

-Монгол хүний амь нас, эрүүл мэнд аль нэг улс төрийн хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс хямдхан үнэлэгдэж ирлээ. 2019 оноос хойш иргэд олноороо угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байхад эрх баригчид 'Иргэд өөрсдөө түлшээ буруу түлсэн' хэмээн хариуцлагыг иргэд рүү чихэж байв.

Нэгэн иргэн 'Би зааврын дагуу түлсэн байхад яагаад би буруутан болдог юм бэ?' хэмээн хуульчдад хандсан юм. Цагдаа, прокурорын байгууллага шалгаад 'Төрийн албаныхан болон үйлдвэрлэгч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчөөгүй' гээд эрүүгийн хэргийг хаасан. Иймээс бид иргэний хэргийн журмаар шүүхэд хандаж, 5-6 жил маргалдсаны эцэст Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шийдвэр гарч, төрийн өмчит 'Тавантолгой түлш' компани Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж үйлдвэрлэл явуулсан нь тогтоогдон, нэхэмжлэгчийн гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн юм.

Цагдаа, хяналтын байгууллага тухайн үед үнэн зөвөөр нь шийдвэрлэсэн бол өнөөдөр 800-900 хүний амь хохирохгүй байх байлаа. Угаартсаны улмаас хүмүүс 4-5 цаг ухаангүй хэвтэхэд цусны эргэлт зогсож, эд эрхтэн үхждэг. Үүний уршгаар зургаан настай хүүхэд нь нас барж, өөрөө хөлний эд эс нь үхжин тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний бодит зураг баримт энд байна. 'Тавантолгой түлш' компани энэ хугацаанд хохирогчоос ганц ч удаа уучлал гуйж, биеийг нь асуугаагүй.

Монгол Улсад Стандартчилал, техникийн зохицуулалтын тухай хуулиар хүний аюулгүй байдлыг хангах техникийн зохицуулалт байх ёстой. Гэтэл сайжруулсан хатуу түлшний техникийн зохицуулалтыг Засгийн газар өнөөдрийг хүртэл батлаагүй байна. Иймд энэхүү олон зуун хүний хохирлыг Засгийн газар болон нийслэлийн удирдлага хариуцах ёстой. Бид УИХ-ын гишүүдээр дамжуулан тогтоолын төсөл санаачилж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв. 

Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй "Өөрчлөлтийг бүтээе" хөдөлгөөнд 70 мянга гаруй санал ирснээс үнийн өсөлт болон дунд шатны авлига, хулгайн асуудал тэргүүлж буйг онцоллоо. Тухайлбал:

  • Увс аймгийн Засаг дарга: Хуурамч диплом (Техник технологийн дээд сургуулийн Д20200913460 дугаартай, өөр хүний нэр дээрх диплом)-той нь Боловсролын ерөнхий газрын албан бичгээр тогтоогдсон. ИТХ-аас түүнийг огцруулах шийдвэр гаргасан.
  • Төсвийн хулгай: Увс аймгийн дэд бүтцэд зориулсан 3.4 тэрбум төгрөгийн эрхийг шилжүүлэхдээ өөрийн болон тендерийн хорооны дарга, гүйцэтгэгч компанийн хамаарал бүхий барилга, объект руу шугам татаж хувийн эрх ашгаа хангасан.
  • Хөшөөний төсөв: Ж.Батмөнх агсны 100 жилийн ойгоор Хяргас суманд хөшөө барихад улсаас олгосон 400 сая төгрөгөөс 300 саяыг Засаг дарга Ч.Насанбатад шилжүүлсэн ч Хяргас суманд бус Улаангомд тендергүйгээр барьж, орон нутаг нь хүлээж аваагүй завхрал гарсныг баримттайгаар зарлав.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.