Тусгай албадын бэлэн байдлыг шалгах сонирхол хэнд байна вэ

Тусгай албадын бэлэн байдлыг шалгах сонирхол хэнд байна вэ

Өвлийн тэргүүн сарын шинийн 1, “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхад үдшийн 20.30 цагийн үед Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн байранд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл цагдаа, тагнуулын байгууллагад ирж, иргэдийг түгшээв. Тус сургуулийн захирлын цахим шуудангаар ийм утгатай захидал илгээсний дагуу манай хууль сахиулах байгууллагынханд мэдээлэл өгч, түргэн авхуулсан аж.

Мэдээллийн дагуу цагдаа, тагнуул, онцгой байдал, зэвсэгт хүчний холбогдох мэргэжлийн алба хаагчид ажиллан шалгаад ямар нэг тэсрэх бодис олоогүй бөгөөд худал мэдээлэл цахим шуудангаар ирүүлснийг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор тус сургууль өчигдөр хичээллээгүй, өнөөдрөөс сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болсон юм. 

Бидэнд олдсон мэдээллээр тус сургуулийн захирлын цахим шуудан руу орос нэртэй хаягаас дээрх мэдээллийг ирүүлсэн аж. Үүнээс өмнө буюу энэ оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсад зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал эхлэхтэй зэрэгцээд “Интермед” эмнэлэгт тэсрэх бодис тавьсан гэх мэдээлэл тухайн эмнэлгээр үйлчлүүлж байсан болон хэвтэн эмчлүүлэгсэд, тэдний ар гэрийнхнийг түгшүүрт автуулсан.

Уг мэдээллийг тус эмнэлгийн цахим шуудангаар зэргэлдээ орших улсаас, орос нэртэй хаягнаас ирүүлсэн болохыг холбогдох байгууллагынхан тогтоосон гэдэг. Монголд олон нийтийг хамарсан ямар нэг үйл явдал болж байхтай зэрэгцээд тэсрэх бөмбөг байршуулсан тухай мэдээлэл хоёр ч удаа холбогдох байгууллагад ирлээ. Энэ нь магадгүй манай үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагаа, алдаа, оноог туршаад байх шиг. Хуурамч дуудлагаар туршиж, тайвшруулж байгаад элдэв хорлон сүйтгэх ажил хийх гэж байхыг ч үгүйсгэхгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.