🔴Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажлын чиглэлээр мэдээлэл өгч байна
ЦЕГ: Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулж байна
Цагдаагийн ерөнхий газраас сураггүй алга болсон иргэдийг эрэн сурвалжлах, хайх ажиллагааны явц, нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын тушаалаар байгуулагдсан тусгай ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Увс аймагт алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар:
Увс аймагт иргэн А 10 дугаар сарын 15-ны өдөр сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайн хэрэг дээр нийт 14 хоногийн хугацаанд 715 алба хаагч, 15 автомашин, 6 мотоцикл, 7 морьт эргүүл, 2 дрон, 1 албаны эрэлч нохой зэрэг хүч хэрэгсэлтэйгээр самналт, эрэн хайх ажиллагааг явуулжээ. Улмаар ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг 10 дугаар сарын 29-ний өдөр түр зогсоосон байна. Үүний дараа 11 дүгээр сарын 10-ны өдөр ар гэрийн хүсэлтээр 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажлыг үргэлжлүүлсэн бөгөөд цаашид ч самнах ажиллагаа тасралтгүй явагдахыг албаныхан мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт алга болсон иргэн А-г эрэн хайх ажлын талаар Цагдаагийн хурандаа Баатархүү мэдээлэв:
“Энэ оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00–19:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад гэртээ ирээгүй байна гэсэн дуудлага, мэдээллийг ар гэрийнхэн нь 10 дугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Мэдээллийг хүлээн авсан даруйд цагдаагийн байгууллага уг иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулж байна.
Хяналтын камерын бичлэгээр тухайн иргэн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гараад нийт 2.6 километр газар явганаар явсныг тогтоосон. Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 19 мянган камер ажилладаг бөгөөд иргэний явсан маршрут зам дагуух 26, 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2000 орчим камераас ач холбогдол бүхий 269 камерын бичлэгт үзлэг шалгалт хийж, хамгийн сүүлд явсан чиглэлийг тогтоосон.
Иргэн А нь 'Чухаг' хотхоноос гараад 'Шинэ 100 айл' чиглэл рүү явж байхдаа хамгийн сүүлийн камерт бүртгэгдсэн. Сүүлийн бичлэг нь 500 метрийн зайнаас татсан Цэцэрлэгт хүрээлэнгийн камерын бүдэг бичлэгт өртсөн байна. 'Чухаг' хотхон, 'Шинэ 100 айл'-ын замын урд хэсэг нь байшин барилга, аж ахуйн нэгж, айл өрхгүй задгай талбай тул камергүй бүсэд хамаарч байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний явсан байж болзошгүй чиглэл болон хамгийн сүүлд камерт бичигдсэн цаг минутаас хойш тухайн орчмоор зорчсон 216 тээврийн хэрэгслийг камерын тусламжтайгаар олж тогтоон, жолооч нараас нь гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Зарим автомашины эзэд хөдөө орон нутагт зорчсон, утас нь холбогдохгүй байгаа тохиолдлууд бий. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд даргаар ахлуулсан, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг үүн дээр тасралтгүй ажиллаж байна.
Мөн алга болсон цэгээс урагш задгай талбай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улиастайн гүүр, голын ай сав дагуу өнөөдрийн байдлаар 5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналт хийлээ. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл, мөн урагшаа Туул гол хүртэлх талбайд самналт хийсэн. Өнөөдөр л гэхэд 504 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл, мөн буцах чиглэлд самналтын ажлыг гүйцэтгэлээ.
Эрэн хайх ажиллагаанд дрон болон албаны эрэлч нохойг дайчлан, голын бургас шугуй, эзэнгүй барилга байгууламжийг нэг бүрчлэн шалгаж байна. Мөрдөгчид өдөр, шөнө, амралтын өдөр харгалзахгүй ажиллаж байна.
Иймд тухайн орчмоор дамжин өнгөрсөн жолооч нартай цагдаагийн байгууллагаас холбогдон уулзаж, мэдүүлэг авч буй тул иргэд зөвөөр ойлгон хамтран ажиллахыг хүсье. Мөн 10 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас хойш Баянзүрх дүүргийн 'Шинэ 100 айл'-аас зүүн тийш чиглэлд зорчсон автомашины жолооч нар цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгөхийг уриалж байна. Хэрэгт ач холбогдолтой мэдээллийг цагдаагийн байгууллага журмын дагуу үнэлж авна” гэлээ.
Сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт:
- Улсын хэмжээнд хоногт, сард хэчнээн хүн оршин суугаа газраасаа сураггүй алга болдог вэ?
Хурандаа Батгэрэл: “Цагдаагийн байгууллагын хэмжээнд 'Эрэн сурвалжлах нэгдсэн сан' ажилладаг. Иргэн алга болсон тухай дуудлага, мэдээлэл ирмэгц уг санд цагдаагийн алба хаагч нэн даруй бүртгэж, улсын хэмжээнд бүх алба хаагчид үйл ажиллагаандаа ашигладаг. Өнөөдрийн байдлаар эрэн сурвалжлах ажлын үр дүн, гүйцэтгэл 98.8 хувьтай байна. Статистик тоо баримтаас дурдвал, жилд дунджаар 2755, сард 230, долоо хоногт 53, хоногт 7-8 хүн оршин суугаа газраасаа сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, 24-өөс 72 цагийн дотор тухайн иргэдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгдөг.”
- Улсын хэмжээнд болон тухайн дүүрэгт хэчнээн камер ажилладаг вэ? Камерын систем хэр хангалттай байгаа вэ?
Хурандаа Баатархүү: “Улсын хэмжээнд нийт 120 мянга орчим хяналтын камер ажиллаж байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 мянга орчим, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн 72 мянга орчим камер бий. Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 19 мянган камер байгаагаас тухайн иргэний алга болсон 26 дугаар хороонд 1200 орчим камер ажиллаж байна. Эдгээр камерын бичлэгт үзлэг хийснээр тухайн иргэний явсан маршрутыг тогтоосон юм. Харин хамгийн сүүлд бичигдсэн цэгээс цааш задгай, камергүй бүс тул тухайн цаг мөчид зорчсон 216 автомашины дугаарыг шүүн тогтоож, жолооч нараас тайлбар, мэдүүлэг авах чиглэлээр ажиллаж байна.”
Түүнчлэн сэтгүүлчдээс тавьсан бусад хэрэгтэй холбоотой асуултад цагдаагийн байгууллагаас "Энэ талаар манайд мэдээлэл байхгүй. Уг асуудал тагнуулын байгууллагын харьяаллынх тул тэндээс тодруулга авна уу" гэх тайлбарыг өгснөөр мэдээлэл өндөрлөв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.