Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох 6.6 тэрбум төгрөгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай, түүний төрсөн дүү буюу “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн захирал Т.Мөнхдалай, тус газрын “Тойрог авто зам” төслийн захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.
Тэд “Шинэ тойрог авто зам” төслийн 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах тендерийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн явцад бусдад хууль бусаар давуу байдал олгох зорилгоор ажлын даалгаврыг өөрчилсөн гэгдээд байгаа юм.
Мөн Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяаг Интерполын "Хөх булант" зараар эрэн сурвалжлахад АНУ-д байгаа нь тогтоогджээ. Тэрээр АНУ-аас цагаачлал хүссэн баримт одоогоор олдоод байгаа юм байна.
Т.Даваадалай нь "Туулын хурдны зам"-ын төслүүдийн сонгон шалгаруулалттай холбоотойгоор өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.