Оросын талд тагнуул хийхийг завдсан АНУ-ын цэргийн алба хаагчийг баривчлав
Их Британийн сөрөг тагнуулын цагдаагийн алба АНУ-ын Армийн ахлах цэргийн алба хаагчийг ОХУ-ын талд тагнуул хийхээр завдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ. 41 настай сэжигтнийг Лондон хотоос баруун зүгт 160 орчим километрийн зайд орших Глостер хотын ойролцоо мягмар гаргийн өдөр саатуулсан бөгөөд одоогоор нийслэл хотын цагдаагийн хэлтэст саатуулан шалгаж байна.
Баривчлагдсан цэргийн албан тушаалтан нь Глостершир мужийн Иннсворт дахь "Имжин Барракс" баазад алба хааж байсан аж. Энэхүү цэргийн бааз нь НАТО-гийн Холбоотны шуурхай хариу арга хэмжээ авах корпусын төв штаб байрладаг стратегийн онцгой бүс юм. АНУ-ын цэргийн эх сурвалжийн мэдээлснээр уг алба хаагч нь албаны өндөр нууцлал бүхий мэдээлэлд нэвтрэх эрхтэй байсан бөгөөд британийн эрх баригчид мужийн нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нэгжлэг хийж байна.
Хуулийн байгууллагууд түүнийг Их Британийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хамгаалагдсан нууц мэдээллийг олж авах, хуулбарлах, түүнчлэн гадаадын тагнуулын албанд туслахыг завдсан хэрэгт буруутгажээ.
Мөрдөн шалгах явцад олж мэдсэнээр сэжигтэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээс өмнө тагнуулын байгууллагуудын хараанд өртсөн тул ямар нэгэн нууц баримт Оросын талд дамжаагүй болохыг албаныхан баталсан байна.
Уг баривчилгаа нь Их Британийн Дотоодын аюулгүй байдлын алба (MI5), Лондонгийн Цагдаагийн сөрөг тагнуулын газар болон АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI), АНУ-ын Армийн сөрөг тагнуулын командлалын хамтарсан ажиллагааны үр дүнд хэрэгжжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Каш Пател холбоотнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц ноцтой үйлдлийг таслан зогсоосон чухал үйл явдал болсныг цохон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Армийн сөрөг тагнуулын командлалын дарга, бригадын генерал Шон Стинчон цэргийн хүрээн дэх дотоод урвалт, аюул занал бодитой хэвээр байгааг энэ хэрэг санууллаа гэж мэдэгдэв. Их Британи болон АНУ-ын тагнуулын байгууллагууд аюулгүй байдлын түншлэлээ улам бэхжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан үргэлжлүүлж байна.
Эх сурвалж:
• pbs.org
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.