Европын хүнсний сүлжээг чиглэсэн кибер халдлагад БНФУ, Ираныг буруутгав
Францын эрх баригчид тус улсын супермаркетуудын хөргөлтийн системийг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан өргөн хүрээтэй кибер халдлагыг Иран улс зохион байгуулсан хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Францын хууль сахиулах байгууллагууд энэ явдлыг өмнө нь гарч байгаагүй ноцтой өдөөн хатгалга болон дотоодын нутаг дэвсгэрт нь чиглэсэн анхны томоохон кибер хорлон сүйтгэх ажиллагаа гэж тодорхойлсон байна.
Хорлон сүйтгэх ажиллагаа аравдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө явагдсан бөгөөд Европын нийт 700 орчим худалдааны цэг, жижиг махны дэлгүүр болон хүнс боловсруулах үйлдвэрүүдийг хамарсан билээ. Халдлага үйлдэгчид тоон термостатын төхөөрөмжүүдийн удирдлагыг зайнаас өөрчилж, хөргүүрүүдийн температурыг цельсийн 50-80 хэм хүртэл нэмэгдүүлсэн байна. Үүний уршгаар түргэн муудах бүтээгдэхүүнүүд бүрэн сүйдэж, хэдэн сая еврогийн хохирол учирснаас гадна хөргөлтийн системүүдэд 15-20 удаагийн гал гарчээ.
Францын цахим аюулгүй байдлын агентлаг (ANSSI) болон мөрдөн байцаагчид уг халдлагыг Ираны Лалын хувьсгалт гвардын корпусын (IRGC) харьяа "Shahid Kaveh" хэмээх кибер цэргийн анги үйлдсэнийг тогтоосон байна.
Цахим ертөнцөд "CyberAveng3rs" нэрээр танигдсан уг бүлэглэлийн дэд бүтцээс фарси хэлний ул мөр болон Иран дахь төхөөрөмжүүдийн IP хаяг илэрчээ. Түүнчлэн хуучирсан програм хангамж, хамгаалалтын систем шинэчлэгдээгүй байдал нь гэмт этгээдүүдэд саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж шинжээчид үзэв.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Парист болсон Их 7-гийн уулзалтын үеэр Ираны элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлж, Европын Холбооны түвшинд хориг арга хэмжээ авахыг уриалав. Мөн Парисын прокурор Лора Беккюо гадаад гүрний ашиг сонирхлын төлөө цахим гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр мөрдөн шалгалт нээж, уг ажиллагааг удирдсан Хамид Реза Лашгариан тэргүүтэй гурван этгээдийг олон улсад баривчлах хүсэлт гаргасан байна.
Эх сурвалж:
• pbs.org
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.