Австралийн шүүхээс Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоолоо
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгалан, түүний гэргийг ЭСЯ-нд хүлээн авч уулзлаа. Эргэн сануулахад Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг 2026 оны зургаадугаар сарын 03-ны өдөр Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллага саатуулж хүчингийн хэрэгт буруутган шалгах болсон.

Иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн ар гэрийнхэнтэй нь тогтмол холбоотой байж, сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор тус Элчин сайдын яамнаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд иргэн болон түүний гэр бүлийнхэнд байнгын анхаарал халамж тавьж, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж иржээ. Мөн энэ хугацаанд Австралийн холбогдох хууль сахиулах болон шүүхийн эрх бүхий байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Элчин сайдын яамнаас Австралийн талын цагдаа, прокурор, шүүхийн байгууллага болон өмгөөлөх талтай тогтмол холбогдон шуурхай ажилласны үр дүнд 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сидней хотын орон нутгийн шүүх хуралдаж Монгол Улсын иргэнийг энэ хэрэгт огт холбоогүй болохыг тогтоож, цагаатгах шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.