ОБЕГ-ын барилгын зургийн хяналт хариуцсан албан тушаалтан хахууль авсан хэрэгт холбогджээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 29-ийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэдгээрийн дунд нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан бусдаас удаа дараагийн үйлдлээр хахууль авч байсан нэг бус хэрэг багтсан юм.
Тухайлбал, албан тушаалаа өөртөө ашиг олох хэрэгсэл болгосон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын Гал түймэртэй тэмцэх газрын зураг, хяналтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн байсан, дэд хурандаа Г.Мягмаржав барилга барьж, ашиглалтад оруулсан аж ахуйн нэгжийн удирдлагаас удаа дараа хахууль авсан хэрэгт холбогдсон гэнэ. Барилгын зураг, төслөө шуурхай хянуулж дүгнэлтээ хурдан авахыг хүссэн хэд хэдэн компанийн захирал, эрх бүхий албан тушаалтнуудаас 1-5 сая төгрөг авсан гэнэ. Түүнд өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийнх нь дансаар “Баганат өргөө”, “Конконсалтинг”, “Ричмонконсалтинг”, “Хос дөлгөөн констракшн”, “МОГҮМБ констракшн”, “Герстект” гэх компанийн албан тушаалтнууд мөнгөө шилжүүлж байсан бөгөөд нэг аж ахуйн нэгжийн удирдлага нь 2022 оноос хойш нэг бус удаа ийм алхам хийсэн нь тодорхой болсон аж.
Түүнээс өмнө ОБЕГ-т уг албан тушаалыг хашиж байсан офицер эмэгтэй бусдаас хахууль авч байсан хэрэгтээ ял шийтгүүлж байсан удаатай. Гэвч өдгөө тэрбээр төрийн, төсвийн хөрөнгөөр барьж буй байгалийн түүхийн музейн ашиглалтын өмнөх захиргаанд ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжих болсон нь шударга ёсонд нийцнэ гэж үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.