“Бишрэлт групп” ХХК-иас “Эрдэнэзам”-ыг луйвардаж авсан гэх Г.Өлзийдүүрэнг АТГ-ынхан шалгав

“Бишрэлт групп” ХХК-иас “Эрдэнэзам”-ыг луйвардаж авсан гэх Г.Өлзийдүүрэнг АТГ-ынхан шалгав

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 19-23-ны өдрүүдэд эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт хүргүүлсэн талаараа цахим хуудсандаа мэдээлсэн байв. Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн дээрх хэргүүд дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөг шилжүүлж хохирол учруулсан гэх үйлдэл багтжээ. Энэ нь хууль шүүхийн байгууллагынхан шийдэж чадахгүй олон жил нааш, цааш шидэлцэж буй Г.Өлзийдүүрэн, Г.Оюунсүрэн нарт холбогдох хэрэг аж.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий буюу түүний нөхөр А.Ариунболдын эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй байсан “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа газар шорооны болон тээврийн ажил эрхлэх, техник, тоног төхөөрөмжийн түрээс, зам, гүүр барих, замын байгууламжид засвар, арчлалт хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэзам”-ыг Г.Өлзийдүүрэн хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд сууж байсан юм. Дээд шүүх түүнд холбогдох хэргийг буцааснаас хойш прокурор харьяаллыг нь өөрчлөн цагдаагийн байгууллага бус, АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн бололтой.

Г.Өлзийдүүрэн “Эрдэнэзам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа төрсөн эгч Г.Оюунсүрэнг ерөнхий нягтлан бодогчоор томилж, улмаар тус компанийн “Капитрон” банк дахь данснаас 2022-2023 оны хооронд нийт 4.7 тэрбум төгрөг шилжүүлэн хувьдаа авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Г.Өлзийдүүрэнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан нь энэ аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.