🔴УДШ Ц.Дагвадоржийн ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

AI хөрвүүлсэн
🔴УДШ Ц.Дагвадоржийн ялыг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Дагвадорж, Х.Энхсайхан, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснээ танилцууллаа.

Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох хуулийн хүрээнд энэхүү хэрэгт дүгнэлт хийсэн байна. Шүүх бүрэлдэхүүн хоёр шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхдээ зарим шүүгдэгчийн үйл баримт болон хууль хэрэглээний асуудалд учир дутагдалтай хандсан байна гэж үзжээ.

Шүүгдэгч Ц.Дагвадоржийн тухайд:

Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Ц.Дагвадоржийн үйлдсэн онц харгис хэрцгий аргаар, өөртөө эдийн засгийн ашигтай давуу байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоёр хүнийг алсан, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж өөрт нь хүчирхийлэл хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар залилсан гэм буруутай талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Харин түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан залилах гэмт хэргийг "байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон" гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энгийн бүрэлдэхүүнтэй болгон 2 жилийн хорих ял оноожээ. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу ялуудыг нэмж нэгтгэн, Ц.Дагвадоржид эдлүүлэх ялыг бүх насаар нь хорих ял болгон тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн тухайд:

Хоёр шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэн тухайн шийдвэрийг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Э.Номин-Эрдэнийн тухайд:

Прокуророос Э.Номин-Эрдэнийг хүнийг алах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэнийг хоёр шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэвч энэхүү дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж Хяналтын шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл, эс үйлдэхүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан "Аюултай нөхцөлд тусламж үзүүлэхгүй байх" буюу бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн байхад тусламж үзүүлээгүй гэмт хэргийн шинж агуулагдаж байгаа эсэхэд хоёр шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хяналтын шатны шүүхээс уг асуудалд нөхөн дүгнэлт хийх хуулийн боломжгүй тул Э.Номин-Эрдэнэд холбогдох шийтгэх тогтоол, магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Х.Энхсайханы тухайд:

Х.Энхсайханд холбогдох хэрэгт хоёр шатны шүүх дүгнэлт хийхдээ нотлох баримтыг үнэлэх болон хууль зүйн дүгнэлтийн хувьд алдаа гаргасныг онцлов. Прокуророос түүнийг "16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон" гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад хоёр шатны шүүх үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн авч, Х.Энхсайханд холбогдох шийтгэх тогтоол болон магадлалын холбогдох заалтуудыг хүчингүй болголоо.

Хохирол нөхөн төлбөр болон бусад шийдвэр:

Хоёр шатны шүүх хохирогчдын сэтгэцэд учирсан хохирлыг хүн амын дундаж наслалтаар тооцсон нь буруу бөгөөд Иргэний хуульд зааснаар 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох хууль хэрэглээ болон Улсын дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна гэж дүгнэн, зохих өөрчлөлтийг оруулжээ. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирогч Сийлэгмаад учруулсан 900 мянган төгрөгийн хохирлыг гаргуулалгүй орхигдуулсныг шүүгдэгчээс гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Ийнхүү шийтгэх тогтоол, магадлалын холбогдох заалт хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч Х.Энхсайхан, Э.Номин-Эрдэнэ нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нартай холбогдуулан гаргасан гомдлын шаардлага хангагдаж байгааг шүүх бүрэлдэхүүн тайлбарлав.

Тус хэрэг нь хаалттай горимоор хэлэлцэгдсэн тул хэргийн зарим үйл баримтыг дэлгэрэнгүй зарлах боломжгүй бөгөөд шийдвэрийн үндэслэлийг Улсын дээд шүүхийн албан ёсны тогтоолд дэлгэрэнгүй тусгахаа мэдэгдэн шүүх хуралдааныг хаалаа.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Batmunkh 2 долоо хоног
Iim hariutslaggvi niigem baihch gej dee eniig al geed awchirj ogood alhiin haraad suuj baij boloh yumu arai dendvv har baraan amidral wee
Зочин 2 долоо хоног
Энэ зохион байгуулалттай онц хэрцгий бүлэг,хүчин,аллага шүү,ЭХИЙН маш олон заалтыг бүгдийг оруулбал 4үүл ял авна