Цуврал алуурчин Тед Банди 1974 оны хүн амины хэрэгт холбоотойг ДНХ-ээр тогтоолоо
АНУ-ын Юта мужийн хууль сахиулах байгууллагууд орчин үеийн ДНХ шинжилгээний дэвшлийн ачаар 1974 онд 17 настай Мелисса Анн Смитийн амийг хөнөөсөн этгээд нь цуврал алуурчин Тед Банди мөн болохыг албан ёсоор нотолсноо зарлалаа.
Хагас зуун гаруй жилийн турш мухардмал байсан уг онц ноцтой хэргийг ийнхүү генетикийн шинжлэх ухааны нарийвчилсан шинжилгээгээр хөдөлбөргүй баримтаар эцэслэн шийдвэрлэж чаджээ.
Хохирогч Мелисса Анн Смит 1974 онд Юта мужид сураггүй алга болж, хэд хоногийн дараа ойн гүнээс түүний цогцсыг нэгэн анчин олж байв. Олон арван жил илрээгүй уг хэргийг тайлах гол сэжүүр нь 2026 оны дөрөвдүгээр сард өөр нэгэн хохирогч болох Лаура Анн Эймийн хэрэг дээр гарсан шүүх эмнэлгийн нээлттэй шууд холбогдсон байна. Тухайн үед мөн л 17 настай байсан Лаурагийн цогцсоос авсан биологийн дээжийг шалгахад Тед Бандийн ДНХ-ийн бүтэцтэй шууд тохирсон түүхтэй юм.
Юта тойргийн цагдаагийн газраас мэдээлснээр Лаурагийн биеэс илрүүлсэн эрэгтэй хүний Y-STR ДНХ-ийн бүтэц нь Мелисса Смитийн задлан шинжилгээнээс хадгалагдан үлдсэн эд мөрийн баримтын ДНХ-тэй генетикийн хувьд бүрэн таарсан байна.
Түүнчлэн Саммит тойргийн прокурорын газраас уг хэрэг зөвхөн генетикийн олдвороор нотлогдоод зогсохгүй Бандийн гэмт хэрэг үйлдэх арга барил, сэдэл болон нөхцөл байдалтай бүрэн нийцэж байгааг онцолсон байна.
Солт Лэйк тойргийн шериф Рози Ривера он удаан жил өнгөрсөн ч эд мөрийн баримтыг найдвартай хадгалж хамгаалах нь ямар чухал болохыг тэмдэглээд, үүний ачаар хуучин хэргүүдийг дахин нягталж үнэнийг тогтоох боломж бүрдэж буйг мэдэгдсэн байна. Мөрдөгчид талийгаач Мелисса Смитийн ар гэрийнхэнтэй холбогдож хэргийн үр дүнг танилцуулсан бөгөөд хохирогчдын дурсгал гэмт этгээдийн бараан сүүдрээс ямагт илүү хүчтэй дуурсах ёстойг албаныхан илэрхийлжээ.
Цуврал алуурчин Тед Банди 1970-аад онд Юта, Вашингтон, Колорадо, Айдахо болон Флорида мужуудад 30 гаруй охид, эмэгтэйчүүдийн амийг хөнөөсөн бөгөөд 1989 онд Флоридад цаазаар авахуулсан юм. Хэдийгээр тэрбээр ял эдлэх хугацаандаа Ютад үйлдсэн хэргүүдээ хүлээж байсан ч орчин үеийн шинжлэх ухаан тэдгээр мэдүүлгийг саяхнаас л албан ёсоор баталж эхэлж байна. Хууль сахиулагчид одоо Бандитэй холбоотой байж болзошгүй бусад хэргүүдийг, тухайлбал 1974 онд алга болсон 16 настай Нэнси Вилкоксын хэргийг мухарлахаар үргэлжлүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.