Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байна. Уг хуулийн төсөл нь санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг тогтоох, санхүүгийн хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг тусгах зорилгоор 2026 оны аравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн эхний өдөр Монголын банкны холбоо, Банк бус санхүүгийн байгууллагын холбооны гишүүн байгууллагууд болон санхүүгийн салбарын бусад төлөөлөл оролцож, хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар удирдан явуулж, оролцогчдын санал, байр суурийг нээлттэй сонсон, холбогдох асуудлуудыг хэлэлцэв.
Хуулийн төсөлд санхүүгийн хэрэглэгчид гэдэгт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаар сонирхож байгаа болон авч буй хувь хүн, түүнчлэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад хамаарах бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг хамруулж байна. Харин санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид гэдэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрөл, бүртгэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг хамруулжээ. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компани, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг санхүүгийн салбарын оролцогчдод уг хуулийн зохицуулалт үйлчлэхээр тусгав.
Хуулийн төсөл батлагдсанаар санхүүгийн хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх, үүргийн тэнцвэрийг хангах, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой. Мөн зохицуулагч байгууллагууд санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалт хэрэгжүүлэх, иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжсэнээр санхүүгийн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгох, санхүүгийн салбарын онцлог болон зохицуулалтын хэрэгжих боломж, талуудын байр суурийг харгалзан үзэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.