🔴О.Алтангэрэл: Монгол оронд замбараагүй лиценз нэмдэг хууль баталсанд бухимдалтай байна
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл улсын төсвийн тогтвортой байдал алдагдсан болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийг хэт задгай олгохоор хуульчилсныг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Цаашдаа бид төсвийн тогтвортой байдал гэдгээ сайтар анхаарах цаг болжээ. Уг нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг ч бид тогтвортой байдал гэдгээ мартсан. Төсөв өргөн барьж, дээрээс нь "Оюу толгой"-н хоёр их наяд төгрөгөөр юу хийх вэ хэмээн уралдаан зарлаж байснаа буцаан татаж, Төсвийн хүрээний мэдэгдлээ дахин дахин өөрчилье гэх байдлаар хандаж байна. Энэ тогтвортой байдлаа хэрхэн хангах вэ гэдгээ бодох цаг болсон. Харин хэлэлцэж буй төслийн тухайд сургууль, цэцэрлэг зэрэг 1-2 үе шаттайгаар хурдан хугацаанд хэрэгжиж дуусах бүтээн байгуулалтуудыг өрийн ангилалд хэрхэн тусгах асуудал орсон учраас хэлэлцүүлгийг нь дэмжиж, засварлаад явах боломжтой.
УИХ дээр нэн шаардлагатай, хэлэлцэгдэх ёстой олон хуулийн төсөл унаж байна. Тухайлбал, саяхан С.Цэнгүүн гишүүний өргөн барьсан хууль уналаа. Гэтэл ард түмний язгуур эрх ашигт сөргөөр нөлөөлөх хуулиуд ар араасаа батлагдаж байна. Санал хураалтад цөөнх болж байгаа гишүүний хувьд үүнд туйлын харамсаж сууна.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт яагаад олон нийтийн хэлэлцүүлэгт оролгүй гараад явчихсаныг гайхаж байна. Арав хоногийн өмнө батлагдсан тус хуулиар лиценз олголт маш их хэмжээгээр, бүүр задгай нэмэгдэхээр боллоо. Өнөөдөр олгогдсон лицензүүд дээр л гэхэд иргэд, малчид эх нутгаа хамгаалаад, ухуулахгүй гээд тэмцэж байна. Халхын Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн нутгаас ердөө 15 километрийн зайд лиценз олгогдчихсон, ухна гээд байж байна. Монгол орны төв цэгийн хажууд тусгай зөвшөөрөл олгогдож, геологийн хайгуул хийнэ гэж байна. Гэтэл лицензийг бүр задгай, ихээр олгох хууль батлагдчихлаа. Үүнийг дагаад нутаг орноо хамгаалсан, хариуцлагатай уул уурхай нэхсэн иргэд болон уул уурхайн хөрөнгө оруулагчдын хооронд дахиад л маргаан, мөргөлдөөн үүснэ.
Хайгуулаа нэмэгдүүлж, баялаг илрүүлэхэд юу нь буруу юм бэ гэдэг асуулт гардаг. Гэвч бидний хайрлан хамгаалах ёстой онгон байгалийн доор ашигт малтмал байгааг хайж илрүүлээд яах юм бэ? Бид эх орныхоо төв цэг, Өндөр гэгээнийхээ унасан газрыг ухтлаа доройтоогүй байна. Жилд 20 сая тонн нүүрс олборлодог байснаа 50, 60, 70, 80 сая тонн болгож нэмэгдүүлээд ард иргэдийн амьдралд юу өөрчлөгдсөн юм бэ? Юу ч өөрчлөгдөөгүй, бидний зовлон бэрхшээл хэвээрээ л байна. Тиймээс угаасаа ухаж болохгүй тэр газар нутагт хайгуул хийж юу хийх гэсэн юм бэ гэдэг том асуулт тавигдаж байна.
Унаган төрхөөрөө үлдсэн онгон байгалиудаа "зүгээр л хайгаад үзье" гэдэг нэрийн дор ухаж болохгүй. Нэгэнт тэнд баялаг байна гэж тогтоогдвол цаашид ухах сонирхол гарч ирнэ. Төрөөс хайгуулын зөвшөөрөл өгсөн учраас компаниуд итгээд асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг. Тэгээд дараа нь ухах боломжгүй болоод гацдаг. Энэ нь нэг талдаа аж ахуйн нэгжийг хохироож, нөгөө талдаа уул ус, ургамал амьтан гээд эх байгальд аюул учруулдаг. Өмнө нь сонгон шалгаруулалтаар олгодог байхад л өнгөрсөн жил олон тооны лиценз нэмэгдсэн. Гэтэл одоо бүр задгай болгож буйг эсэргүүцэж байна. Нэгэнт орд нь тогтоогдчихсон, Монгол Улсын стратегийн шинжтэй хөрөнгө оруулалт орсон тодорхой бүс газруудад уул уурхайн төслүүдээ хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчдаа хамгаалаад явж болно. Харин Монгол орны хаана ч хамаагүй ингэж замбараагүй лиценз нэмдэг хууль баталсанд бухимдалтай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.