Увс аймагт сураггүй болсон 26 настай малчин эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт сураггүй болсон 26 настай малчин эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар оршин суух 26 настай, малчин Б.Ариунаа нь 10 дугаар сарын 15-ны өдрийн 07:00 цагийн орчимд малаа хайхаар гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын алба мөн өдрийн 16:50 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.

10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын мэргэжлийн анги, ар гэрийн төлөөлөл бүхий нийт 44 хүн, 2 дрон, 3 морь, 4 автомашинтайгаа оролцож, хүч нэмэгдүүлэн ажиллав.

Аврагчид болон нутгийн иргэд Бургастай багийн “Харгантын хөндий”-өөс баруун хойд зүгт “Балзны ам” хүртэл 10 км-т, мөн “Балзны ам”-наас зүүн урд зүгт орших “Модны эх”, “Эхэн усан” гэдэг газар хүртэл 10 км-ийн радиуст эрэн хайх ажиллагааг явганаар болон мориор зохион байгуулжээ. Мөн зориулалтын 2 дроноор агаараас 8 удаагийн тандалт нислэг хийсэн боловч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас эрэн хайх ажиллагааг 10 дугаар сарын 21-ний 20:25 цагт түр зогсоосон бөгөөд 10 дугаар сарын 22-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлэн үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.