Сэлэнгийн тариаланчид хуурамч баримтаар 2.2 тэрбумын урамшуулал авчээ
Сэлэнгэ аймагт газар тариалан эрхэлдэг иргэд хуурамч баримт бүрдүүлж, хүнсний ногооны урамшуулал авч, төрд хохирол учруулсан байж болзошгүй хэргүүдийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн хоёрдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Тэднээс Б.У гэх хүнд холбогдох, хуурамч баримтаар 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын үеэр “Тариалаагүй манжинг тарьсан гэж 1.2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа” гэсэн асуудал хөндсөн. Уг хэргийг ЭЦА-ныхан шалгаж дуусаад, прокурор яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн иргэн Л.А, Э.У нар 2024 оны 8-11 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд, иргэдэд шар манжин худалдан борлуулсан хэмээн и-баримтыг хуурамчаар үүсгэж байж. Улмаар түүнийгээ ашиглан хүнсний ногооны урамшуулалд хамрагдсан гэнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмыг зөрчиж, 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2025 оны хоёрдугаар сарын 24-ний хооронд иргэн Л.А нийт 2.2 тэрбум, Э.У нь 354 сая төгрөгийн урамшуулал хууль бусаар авчээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.7-1 дэх хэсгийн “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан” гэх заалтыг үндэслэн яллагдагчаар татсан аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.