🔴Г.Тэмүүлэн: Нөмрөгийн түймрийн хохирлыг тооцож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

AI хөрвүүлсэн

Замын хөдөлгөөний дүрэмд орсон шинэ нэмэлт, өөрчлөлтөөр 10 хүртэлх насны хүүхэд унадаг дугуйгаар зорчихдоо дугуйн болон явган хүний замаар заавал харгалзах хүнтэй явахаар зохицууллаа. Харин 10-аас дээш насны хүүхэд, иргэд явган хүний болон дугуйн замаар бие даан дугуй унах боломжтой юм. Энэхүү зохицуулалт нь өнгөрсөн зун батлагдсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн зорилготой аж.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн:

Мансууруулах бодисын гэмт хэрэгт өртөгсдийн 85 хувийг 35 хүртэлх насны залуус эзэлж байна

-Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээтэй тэмцэх асуудал өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Статистик тоон мэдээллээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон болон хохирсон иргэдийн 85 хувийг 35 хүртэлх насны залуучууд, 55 хувийг 25 хүртэлх насныхан эзэлж байна. 14–15 настай өсвөр үеийнхэн өртсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн.

Энэхүү ноцтой нөхцөл байдалтай тэмцэхийн тулд соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, боловсролын байгууллагуудтай хамтран мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх мэдлэг олгох шаардлагатай байгаа юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос холбогдох тогтоолыг баталж байсан бөгөөд одоогоор хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.

Нөмрөгийн түймрийн хохирлыг тооцож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

-Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын болон бусад байгууллагын алба хаагчид, техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж, хоёр хоногийн өмнө цурамд оруулсан байна. Одоогоор дахин асах эрсдэлээс сэргийлж, хяналт шалгалтын баг бүрэлдэхүүн нурам унтраах, урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байгаа юм.

Уг түймэртэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирлын хэмжээг эцэслэн тогтоож, буруутай этгээдүүдээр учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.