Европын орнуудад Их Британийн жуулчдыг хамгийн бүдүүлэг хэмээн нэрлэжээ
Европын амралтын бүсүүдэд Их Британиас ирсэн жуулчдыг хамгийн бүдүүлэг, ёс зүйгүй аялагчдаар дахин тодруулжээ.
Олон нийтийн санал асуулгын "YouGov" агентлаг болон олон улсын хэвлэлүүдийн нийтэлсэн баримтаас үзэхэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нутгийн соёл уламжлалыг үл тоомсорлох, олон нийтийн газар танхайрах зэрэг зохисгүй үйлдлүүд нь британичуудыг бусдаас онцгойлон сөрөг үнэлгээ авахад хүргэсэн байна.
Их Британийн аялагчдын талаарх гол гомдлын тэргүүн эгнээнд согтуугаар амгалан тайван байдал алдагдуулах, шуугиан тарих явдал бичигдэж байна. Үүнээс гадна зочид буудлын усан сангийн дэргэдэх нарлах сандлуудыг өглөө эртнээс алчуураар дарж эзлэх, наран шарлагын газраас бусад гудамж талбай, сүм хийд, зоогийн газарт усны хувцастай явах зэрэг олон нийтийн наад захын дэг журмыг үл хүндэтгэдэг нь амрагчид болон үйлчилгээний ажилтнуудын бухимдлыг төрүүлдэг байна.
Испанийн Коста-Бланка эргийн Аликанте мужийн Бенидорм хот Британийн нийтийн аялал жуулчлалын томоохон төвд тооцогддог бөгөөд нутгийн оршин суугчид тэдний харилцаа хандлагыг хурцаар шүүмжилж байна.
Тус хотын иргэд “Британичуудад дуртай хүн ховор. Тэд ихэнхдээ бүдүүлэг, архи их уудаг, хэнийг ч хүндэлдэггүй” хэмээн нөхцөл байдлыг тодорхойлжээ.
Ийм зохисгүй байдлаас шалтгаалан Испанийн олон амралтын бүсэд аялал жуулчлалын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж байна. Орон нутгийн иргэд “Аялал жуулчлал бидний талх, орон сууц, ирээдүйг хулгайлж байна” гэсэн уриа лоозон барин жагсаж, жуулчдыг нутаг буцахыг шаардах болжээ. Үүний улмаас хотын захиргаад шөнийн цагаар архи худалдахыг хязгаарлах, согтууруулах ундаа хязгааргүй олгодог үйлчилгээг хориглох, танхайрсан үйлдлүүдэд өндөр дүнтэй торгууль ногдуулах зэрэг захиргааны арга хэмжээ авч байна.
"YouGov" байгууллагын судалгаагаар британичуудыг Испани болон Герман улсад хамгийн тааруу зочноор нэрлэсэн бөгөөд Их Британийн иргэд өөрсдөө ч үүнтэй санал нэгдэж байгаа юм. Судалгаанд оролцсон Британийн иргэдийн олонх нь хилийн чанадад зорчиж буй нутаг нэгтнүүдийнхээ соёлгүй зан байдлыг хүлээн зөвшөөрч, тэдний гаргаж буй үйлдэлтэй холбогдохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.