АНУ-д хүчтэй шуурга дэгдэж сая айл өрх тог цахилгаангүй болжээ
АНУ-ын нутаг дэвсгэрт Талархлын баяраар байгалийн гамшигт шуурга нүүрлэсний улмаас зүүн эрэг болон дундад өрнөд бүсэд дээд цэгтээ нэг сая шахам айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан хангамж бүрэн тасарчээ. Хүчтэй салхи, ширүүн аадар бороо болон их хэмжээний цасан шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл хавсарсан нь зам тээвэрт саатал учруулж, томоохон хотуудад онц байдал зарлахад хүргэсэн байна.
Цахилгаан хангамжийн тасалдалд Пеннсилвани мужид 207 мянга гаруй, Нью-Жерсид 179 мянга давсан хэрэглэгч хамгийн их өртсөн бол Мэрилэндэд 139 мянга орчим, Виржиниад 106 мянга, Миссурид 100 мянга, Нью-Йорк мужид 68 мянга гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ. Эрчим хүчний компаниуд сэргээн босголтын ажлыг шуурхай эхлүүлснээр тасалдлын хэмжээ 360-аас 400 мянга болж буурсан ч бүх хэрэглэгчийг хэвийн хангамжид холбоход хугацаа шаардагдаж байна.
Баярын өдрүүдэд 80 сая гаруй иргэн зорчихоор төлөвлөсөн аяллын ид ачааллын үеэр шуурга таарсан тул агаарын болон хуурай замын тээвэрт ноцтой хүндрэл учирлаа. Улсын хэмжээнд 400 гаруй нислэг цуцлагдаж, 2400 орчим нислэг хойшлогдсон бөгөөд ялангуяа Вашингтон болон Нью-Йорк хотын олон улсын нисэх онгоцны буудлуудад зорчигчдын хөдөлгөөн ихээхэн саатжээ.
Цаг агаарын онц аюултай нөхцөл байдлаас шалтгаалан Нью-Жерси муж бүхэлдээ болон Нью-Йорк хот, Лонг-Айленд орчмын тойргуудад онц байдал зарласан юм. Нью-Йорк хотод 5 см хүртэл тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их бороотой баярын өдрүүдийн нэг болсон бөгөөд цагт 112 км хүрсэн салхины улмаас зуун жилийн түүхтэй баярын парадыг анх удаа хойшлуулан бямба гаргийн өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Миссури мужид 35 см зузаан нойтон цас орж, Номхон далайн эргийн бүсэд их хэмжээний давалгаа үүссэнээр эрэг дагуу үер буусан байна.
Цахилгааны ноцтой гэмтэл болон үерийн улмаас Мэрилэнд мужийн зарим тойргийн оршин суугчдад цэвэр усыг зөвхөн амин чухал хэрэгцээндээ хэмнэж ашиглахыг уриаллаа. Шуурганы голомт зүүн хойд зүг рүү шилжин суларч эхэлсэн ч хохирлыг арилгах, дэд бүтцийг бүрэн сэргээх ажил үргэлжилж байна.
Эх сурвалж:
• cbc.ca
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.