🔴 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн шатаагүй "Ходоод" гэх хэсэгт маш олон тооны буга хандгай гэх мэт амьтад бөөгнөрсөн байдалтай байгаа

AI хөрвүүлсэн
🔴 Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн шатаагүй "Ходоод" гэх хэсэгт маш олон тооны буга хандгай гэх мэт амьтад бөөгнөрсөн байдалтай байгаа

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир түймрийн хохирлыг тооцох, нөхөн төлүүлэх үйл явц болон ан амьтдын амьдрах орчны өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр түймрийн дараах хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх ажил нэлээд төвөгтэй, ярвигтай болохыг онцлоод, учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх үү, эсвэл бодит үйл ажиллагаагаар нөхөн сэргээлт хийлгэх үү гэдэг асуудал тал бүрээсээ хөндөгдөж буйг мэдээллээ.

Яамнаас томилогдсон ажлын хэсгийн зүгээс богино, дунд, урт хугацааны нөхөн сэргээлтийн хөтөлбөрийг эхний байдлаар боловсруулан ажиллаж байна. Ирэх хавар, зуны улиралд байгалийн жамаараа аль өвс ургамал нь сэргэж ургах, аль нь ургахгүй үлдэхийг тандалт судалгаагаар тогтоох бөгөөд үнэхээр хүний оролцоотой нөхөн сэргээлт шаардлагатай талбайнуудад дунд болон урт хугацааны арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх зөвлөмжийг өгөөд байгаа аж.

Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Одоогоор үхэж үрэгдсэн ан амьтны тоо бүртгэгдээгүй байна. Жигүүртэн шувууд нь нисээд дайжсан, жижиг мэрэгчид нүхэндээ хорогдсон бол том туруутан амьтад дүрвэж холджээ. Саяхан надад Нөмрөг, Халх голын нутгаас тандалт судалгааны багийнхан газар дээрх бодит мэдээлэл, дүрс бичлэгийг ирүүллээ. Түймэрт өртөөгүй үлдсэн ходоод буюу арлуудад асар олон буга, гөрөөс бөөгнөрсөн байгаа нь бичлэгээр нотлогдсон. Тэгэхээр ан амьтад бүгд биш ч гэсэн тодорхой хэмжээгээр амьд мэнд үлдсэн байна.

Иймээс эдгээр ан амьтдыг өвлийн улиралд онд мэнд оруулах, хорогдол гаргахгүй байх үүднээс Засгийн газраас шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд өвс тэжээлийн цэгүүдийг нэмэлтээр байгуулах ажлыг Дорнод аймгийн Засаг дарга болон ЗДТГ-аас зохион байгуулж, холбогдох сонгон шалгаруулалт, тендерийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ц.Сандаг-Очир: Ажлын хэсгийн дүгнэлтээр шууд хорогдсон амьтан байхгүй ч ажлын хэсэг ан амьтны амьдрах орчин сүйдсэнд үндэслэн үнэлгээ гаргасан. Өвс ургамал нь шатсан тул тухайн амьтад тэнд амьдрах, хоргодох аргагүй болсон байна. Иймээс амьдрах орчны доройтлыг үнэлсэн аргачлалыг танилцуулсан

Экосистем унаган төрхөндөө орж, ховор ургамлууд бүрэн сэргэн ургах хүртэл нэлээд цаг хугацаа шаардагдах тул үе шаттай хяналт-шинжилгээ хийх шаардлагатай байгаа. Тухайлбал, хөрсний дээж авч, хөрсний халалт ховор ургамлын ургалтад хэрхэн нөлөөлөх, усанд ямар хор хохирол учирсан зэргийг судалж байна. Шатсан газрын үнс нурам ирэх хавар хайлж гол руу орсноор загас жараахайд сөргөөр нөлөөлөх, шувуудын амьдрах орчин болон ан амьтдын хоргодох байр үгүй болсон зэрэг олон хүчин зүйлийг хамруулан хохирлыг тогтоосон байна. Иймд ажлын хэсгээс тооцсон эдгээр хохирлыг шийдвэрлэх хоёр төрлийн арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.