“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахиад шүүнэ

“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахиад шүүнэ

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж байгаа юм.

Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиуны хамтаар албан тушаалаа урвуулж, компанийнхаа Эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2.2 тэрбум гаруй төгрөгийг “Чингис хаан банк”-нд байршуулж, тус арилжааны банкныханд давуу байдал олгосон, зах зээлийн дунджаас илүү үнээр, сонгон шалгаруулалтгүйгээр техник тоног төхөөрөмж худалдан авсан хэрэгт холбогдсон юм. Эцсийн өмчлөгч нь “М-Си-Эс групп” ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэмээн УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд бүртгэгдсэн “Гашуун сухайт авто зам” компани нь дээрх чиглэлийн 239 км замыг барьж ашиглалтад оруулсан байдаг.

“Гашуун сухайт авто зам” ХХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК 40, “Энержи ресурс” ХХК-ийн мөн хэмжээний, “Тавантолгой” ХК-ийн 20 хувийн хувьцааг нь эзэмшдэг аж.

Б.Баяндэлгэр нь Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх авто замыг хариуцдаг эл компанийн гүйцэтгэх захирлаар 2019 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр томилогдож байсан нэгэн. Тэдэнд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх энэ оны гуравдугаар сард хоёр дахь удаагаа хэлэлцээд шүүгдэгчдийг цагаатгасан юм. Үүнийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хянаад Б.Баяндэлгэр, Л.Халиун нарыг цагаатгахдаа анхан шатны шүүхэд шилжүүлсэн үйл баримтад үгүйсгэл няцаалт хийлгүй, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.