Төв аймгийн Засаг даргын орлогч асанд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Төв аймгийн Засаг даргын орлогч асанд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Төв аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Г.Сурмаад холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр албан тушаалаа урвуулж, “Чингисийн отог” гэх компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан аж. Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас Зуунмод сумын төвийн авто замын хажуугийн явган хүний замыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж. Уг тендерийн үнэлгээний хорооны даргаар нь Засаг даргын орлогч байхдаа Г.Сурмаа томилогдсон байна. Ингээд тендерийг шалгаруулахдаа баримт бичиг нь зөрчилтэй, 855 мянган төгрөг нийгмийн даатгалтын шимтгэлд төлөх өртэй “Чингисийн отог” ХХК-ийг шаардлагад нийцсэн гэж дүгнэн ялуулжээ. Мөн уг шалгарсан аж ахуйн нэгж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан тендерийн баталгаатай холбоотой заалтыг ч хангахгүй байхад нь дэмжсэн санал гаргаж, гэрээ байгуулах эрх олгосон аж. Ингэж “Чингисийн отог” ХХК-д давуу байдал олгосны улмаас Төв аймагт 145.2 сая төгрөгийн хохирол учирсан тухай гомдол АТГ-т хохирогч байгууллага гаргасан гэнэ. Үүний дагуу Г.Сурмаад Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэх заалтын дагуу хэрэг нээн шалгаж дууссан юм байна.

Уг тендерт шалгарсан, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн отог” ХХК-ийнхан нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь Далан давхрын гэж нэрлэгддэг Самбалхүндэвийн оршуулгын газрын урд талын явган хүний замыг засаж, шинэчлэх тендерт шалгарч, санхүүжилтийн тодорхой хэсгийг авсан ч ажлаа цаг тухайд нь хийгээгүй хэмээн цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж байв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.