ОХУ-д дрон халдлагын бичлэг нийтэлбэл тав хүртэлх жилээр хорих хуулийн төсөл өргөн барьжээ
ОХУ-ын Төрийн Думд дрон болон пуужингийн цохилтын хохирол, сүйрлийн зураг, дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй түгээсэн хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гурваас тав хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн төслийг Холбооны Зөвлөлийн сенаторууд өргөн барьжээ.
Хуулийн төсөлд тусгаснаар урьд нь дрон халдлагын бичлэг нийтлэн захиргааны шийтгэл хүлээж байсан иргэн зөрчлийг давтан гаргавал гурав хүртэлх жилийн хорих ял шийтгэхээр заасан байна. Харин ийм төрлийн зураг, бичлэг болон мэдээллийг нийтэлсний улмаас хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах эсвэл нийгмийн хэв журам ноцтой зөрчигдсөн тохиолдолд тав хүртэлх жилийн хорих ял оноохоор Эрүүгийн хуулийн шинэ зүйл ангид нарийвчлан тусгажээ.
Тус санаачилгыг гаргасан сенаторууд уг чангатгалыг улсын аюулгүй байдал болон батлан хамгаалах чадавхтай шууд холбон тайлбарлаж байна. Иргэдийн олон нийтийн сүлжээнд оруулсан дүрс бичлэгүүд нь Украины цэргийн тагнуулын албанд цохилтын байг тохируулах, учирсан хохирлыг бодитоор үнэлэхэд шууд тусалдаг тул цэргийн техник, зэвсгийн агуулахын байршил зэрэг стратегийн мэдээллийг хамгаалах шаардлага тулгарсан гэж үзжээ.
Эрүүгийн хуулийн төсөл өргөн баригдахаас өмнө тус улсын 82 гаруй бүс нутагт дээрх үйлдлийг захиргааны журмаар хориглож, торгууль ногдуулж ирсэн юм. Тухайлбал, Москва хотод албан ёсны эх сурвалжаас нийтлэхээс өмнө хохирлын дүрсийг цацсан иргэдэд хэдэн зуун ам.долларын торгууль оноодог болсон бол Мурманск мужид агаарын довтолгооноос хамгаалах системийн ажиллагааны бичлэг тараавал нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулдаг байна. Сүүлийн хоёр жилд Санкт-Петербург, Калуга зэрэг бүс нутгуудад дрон халдлагын бичлэг нийтэлсэн 80 гаруй иргэн болон цахим сувгийн эрхлэгч захиргааны шийтгэл хүлээгээд байна.
Ийнхүү дрон довтолгооны хохирлын дүрсийг тараах явдлыг зөвхөн бүс нутгийн захиргааны торгуулиар зохицуулж байсан бол цаашид холбооны хэмжээнд эрүүгийн хатуу хариуцлага тооцдог болох хууль эрх зүйн орчин бүрдэж байна. Хууль батлагдсанаар мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэд тавих хяналт улам чангарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.