АНАЛИЗ: МАНАН бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгууль хийхгүйгээр тохирчээ

АНАЛИЗ: МАНАН бүлэглэл Ерөнхийлөгчийн сонгууль хийхгүйгээр тохирчээ

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорсон тохиолдолд УИХ-ын дарга орлох ба сонгуулийг дөрвөн сарын дотор явуулна” хэмээн заасан билээ. 

Хуулинд ингэж заасаар байтал, ард түмэн зөв ойлгосоор байтал Монголын хоёр том намын удирдлагууд “ойлгомжгүй зүйл байна” хэмээн жинхэнэ ойлгомжгүй зүйл ярьж эхлэв.

Засгийн газрын гишүүд үгссэн бололтой өчигдрөөс “Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндсэн хуулинд нийцүүлэхийн тулд ҮХЦ-д мэдээлэл гаргана” хэмээн ил шулуухан ярьж эхлэв.

Т.Доржханд, Н.Номтойбаяр нар юу өгүүлэв? 

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Ярьсан зүйлийг нь товчлон сийрүүлбэл “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгодог болсон. Гэтэл ерөнхийлөгч маань хугацаанаасаа өмнө огцорчихлоо. Дөрвөн сар дутуу байхад огцорсон учир нөхөн сонгууль явах ёстой боллоо. Нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүд өдгөө УИХ-д сууж байна.

Ийм ойлгомжгүй байдал үүссэн учир Ерөнхийлөгчийн тухай хуулийг засах хэрэгтэй. Үндсэн хуульд нийцүүлэх хэрэгтэй. Би Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргана” хэмээн ярив. Т.Доржханд ч ҮХЦ рүү гүйсээр байгаад парламентыг намын дарга нарын аманд аваачиж хийсэн “туршлагатай” хүн л дээ.

Шадар сайд Н.Номтойбаярын яриа мөн адил. Тэдний ярьж буйгаар “маш том асуудал” үүссэн гэв ээ.

Энэ юу болж байна вэ гэвэл, ХҮН намын дарга Т.Доржханд ҮХЦ-д хандах юм байна. Тэгэнгүүт ҮХЦ “Өө тийм байна шд” хэмээн гацаах юм байна. Ингээд дөрвөн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүйгээр тохирчээ. Нөхөн сонгууль монгууль гэдэг нь зүгээр шалтаг.

Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтаар Их тэнгэрт уулзсан тухай мэдээлэл цацагдсан. Тэд ийм зүйлийг тохирсон бололтой байна.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хилэгнэлийг Э.Бат-Үүл тайлсан нь

МАНАН гэж бүлэглэл үнэхээр байна. Үүнийг картель гэж нэрлэнэ үү, улс төрийн гэмт хэрэгтнүүдийн бөөгнөрөл гэж нэрлэнэ үү хамаагүй. Авлигачид хуулийн өөрчлөлтөөр энэ улсыг дураараа залж байна.

Үүнд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр ихэд бухимдав. Тэрбээр “Үндсэн хуулиа шинэчлэх алтан мөч ирлээ гэнэ үү!? Цаг нь дуусч байгаа хулгайч нараар Үндсэн хуулиа гурав дахь удаагаа уруулахгүй шүү! МАН яг сонгуулийн өмнө нэр нүүрээ бараад эхлэхээрээ ийм юм ярьдаг. Одоо яг тэрийгээ ярьж эхэлж байна. Үндсэн хуулиа дахин хөндөж тогтолцоо ярих бол МАН олонх биш болсон цагт үндэсний зөвшилцөл хийж байж явуулна.

Ардчилсан намын удирдлагууд Ардын намын сонгуулийн улаан хивсийг дэвсэж гүйхээ болиорой!” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт хийсэн. Найман жил дотор засвар хийх эрхгүй. Тэгэхээр МАНАН бүлэглэлийн тооцож буйгаар хуулийн хугацаа нь болоогүй учир 2027 онд ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах боломжгүй болох юм байна. Хуулийн гацаанд орох юм байна. Тэгээд яана гэж үү?! Эндээс л бүх юм дөнгөж эхэлж байх юм.

Улс төрийн хурц хараатай Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ч.Лодойсамбуугийн бичсэнийг ийн тайлсан нь ноцтой.

-Өчигдөр орой бүр 22 цагийн орчим Лодойсамбуу гишүүн ноцтой мэдээлэл постолжээ. Постыг, бусад мэдээлэлтэй харьцуулан анхааралтай уншин тайлбал, ерөнхийлөгчийн сонгуулийг гацааж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх замаар дундаасаа ерөнхийлөгчөө гаргах “шинэ МАНАН” бий болж байгаа бололтой байна! гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах хуулийн боломжгүй, үүнийг МАН-ын улс төрийн нэг байгууллага болсон ҮХЦ баталгаажуулах тул хоёр том нам нийлж байгаад түр ерөнхийлөгч маягийн хүн тавих гэж тохирсон бололтой байна шүү. Э.Бат-Үүлийн “дундаасаа ерөнхийлөгч гаргах” гэдгийн утга нь энэ!

Үүндээ тулах юм бол Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн ард түмэн гудамжиндаа гарахаас өөр аргагүй болно доо.

 Нийтлэлч Болуушкагийн бухимдал

Хотын дарга асан Э.Бат-Үүл МАНАН бүлэглэлийн эсрэг гудамжинд гаръя гэж бухимдсан бол түүнээс дутуугүй бухимдсан хүн бол нийтлэлч Болушка хэмээх Б.Болор-Эрдэнэ юм. Тэрбээр сүүлийн үед хэн хүний олж хараагүй, үйл явдлын цаана байгаа учир шалтгааныг ил тодоор хэлж олны ад болж байгаа билээ.

Тэрээр,  

-Монголд бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн дарангуйлал гэдэг юм байхгүй. Намын дарга нарын дарангуйлал бий. Намын дарга нарын ард бол нүүрсний, мөнгөний картелууд бий.

Хэрэвзээ Хүрэлсүх хаанчилж харагдаад байсан бол тэрээр төрийн тэргүүнээс гадна de facto намын дарга байсан учраас тэр юм. Хүүк одоо эргэж намын дарга болж, тэндээсээ дараагийн Ерөнхийлөгчийг мэддэг болчих юм бол жинхэнэ хүсээд байгаа дарангуйлагч чинь тэгж төрнө гэж мэд.

Ийм байдалтай байхад намын дарга нар Ерөнхийлөгчийг мэддэг болчихвол Монголд ард түмний мэдлийн эрх мэдэл юм гэж байхгүй болно шүү. Дуусаа шүү!!! гэжээ.

Шинэ МАНАН-гийнхан Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх нэрийдлээр гацаагаад, ерөнхийлөгчийг мэдэх эрхийг намын дарга нарт өгөх гэж байгаа аж. У.Хүрэлсүх ерөнхийлөгч албаа уухайс тас өгчихөөд яваад өгсөн нь МАН-ын даргаар эргэн ирэх гэж тооцсон бололтой байна. Намын дарга нар дундаасаа ерөнхийлөгчийг сонгодог, мэддэг болох юм бол эрх баригч намын дарга de facto ерөнхийлөгч боллоо гэсэн үг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.