АНУ-ын консорциум “Лукойл Интернэшнл” компанийг худалдан авахаар тохиролцов
АНУ-ын тэрбумтан Тодд Боэлигийн удирдсан хөрөнгө оруулалтын консорциум Оросын газрын тосны хоёр дахь том компани болох “Лукойл”-ын хилийн чанад дахь салбар “Лукойл Интернэшнл”-ийг худалдан авах тохиролцоонд хүрлээ.
Нийт 16 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй тус компанийг Москва руу шууд бэлэн мөнгө шилжүүлэхгүйгээр, царцаагдсан үнэт цаасыг хувьцаагаар солилцох өвөрмөц бүтцээр шилжүүлэн авахаар төлөвлөжээ.
Хэлцлийн хүрээнд консорциум ойролцоогоор 10 тэрбум ам.долларын үнэ бүхий Оросын царцаагдсан үнэт цаасыг “Лукойл Интернэшнл”-ийн 100 хувийн хувьцаагаар солих юм. Эдгээр үнэт цаасыг 2022 онд Орос Украин руу довтолсны дараа АНУ, Их Британийн сангууд болон АНУ-ын хадгаламжийн банкуудад битүүмжлэгдсэн байхад нь худалдан авсан байна. Эргүүлэн өгч буй “Лукойл”-ын хувьцааг Арабын Нэгдсэн Эмират Улс дахь тусгай дансанд таван жилийн хугацаатай буюу хориг арга хэмжээ цуцлагдах хүртэл байршуулахаар тогтжээ. Энэхүү зохицуулалт нь ОХУ-ын дайны санхүүжилтийг хязгаарлах олон улсын хоригийн бодлоготой бүрэн нийцэж буйг “Eldridge” компани онцолсон байна.
Шилжин очиж буй хөрөнгийн багцад газрын тос, байгалийн хийн олборлолтоос эхлээд боловсруулах, жижиглэн худалдаалах өргөн хүрээний дэд бүтэц багтаж байна.
Тухайлбал, Азербайжан, Казахстан зэрэг 11 улсад өдөрт 350 мянган баррель газрын тостой тэнцэх бүтээгдэхүүн олборлодог ордууд, Нидерланд, Болгар, Румын улсуудад байрлах газрын тос боловсруулах гурван томоохон үйлдвэр багтжээ. Түүнчлэн Европ, Хойд Америк, Төв Азийн 16 орныг хамарсан шатахуун түгээх 2000 орчим станц болон олон улсын эрчим хүчний арилжааны хэлтэс шинэ эзэмшигчийн мэдэлд очих юм.
Уг консорциумыг Тодд Боэлигийн “Eldridge Industries” тэргүүлж байгаа бөгөөд хамтрагчаар АНУ-ын Засгийн газрын харьяа Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпораци (DFC), АНЭУ-ын “Catena Investment Holding”, АНУ-ын “Xtellus Partners” хөрөнгө оруулалтын банк оролцож байна. Хэлцлийн нөхцөлийн дагуу DFC хувьцаа эзэмшигч болж, удирдах зөвлөлд суудал авахаар тусгагджээ. Хувийн хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгө болон тохиролцсон ашгаа эргүүлэн олсны дараа тус улсын Засгийн газар цаашдын үйл ажиллагааны орлогоос хувь хүртэхээр зохицуулсан байна.
Энэхүү хэлцлийн гол зорилго нь эрчим хүчний стратегийн дэд бүтцийг холбоотнуудын хяналтад авснаар олон улсын зах зээл дэх Оросын нөлөөллийг бууруулах, үйл ажиллагааг тогтворжуулан үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн сэргээхэд чиглэж байна. Гэхдээ гэрээг эцэслэн баталгаажуулахад АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын газрын (OFAC) албан ёсны зөвшөөрөл шаардлагатай бөгөөд шалгалтын ажиллагаа дуустал нэг жил хүртэл хугацаа шаардагдаж болзошгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.