🔴Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахаас өмнө хуулийн зөрчлийг нь арилгах хэрэгтэй

AI хөрвүүлсэн
🔴Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлахаас өмнө хуулийн зөрчлийг нь арилгах хэрэгтэй

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, эвслийн бүтэц болон Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Үндэсний эвсэл" нь бие даасан нам биш бөгөөд гурван улс төрийн намаас бүрдсэн бүтэц. Би  өөрөө нам бус бөгөөд эвслийг бүрдүүлсэн улс төрийн намуудын Удирдах зөвлөл, төлөөллийн байгууллагуудын хамтын шийдвэр, харилцан байгуулсан гэрээний хүрээнд тус эвслийг удирдаж байгаа гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу эвслийг бүрдүүлж буй улс төрийн намуудын төлөөллийн байгууллагууд (тухайлбал МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний бодлогын хороотой дүйцэх байгууллагууд) хуралдаж шийдвэрээ гаргана. Тэрхүү хамтын шийдвэрийг миний бие Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай. 

Үүний зэрэгцээ өнөөгийн нөхцөлд нэн даруй анхаарах хоёр чухал асуудал үүссэн. 

Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу

Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хороо нийт есөн гишүүнтэй бөгөөд үүнээс гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа тул сонгууль болох гэж буй энэ үед СЕХ-ны гишүүдийг яаралтай томилох шаардлага тулгараад байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн маргаан дагуулах ноцтой хуулийн зөрчил үүсээд байна. Тодруулбал, Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил гэж заасан байдаг бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахад дахин хагас жилийн хугацаа үлдээд байна. Гэтэл нөгөө талд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг дөрвөн сарын дотор зарлахаар хуульчилсан нь хоорондоо зөрчилдөж буйг хууль тогтоогчид болон хуульчид ярьж байна. 

Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга түр орлон гүйцэтгэж байгаатай холбогдуулан эрх зүйн тодорхойгүй байдлууд үүссэн нь ч нууц биш

Тухайлбал, Үндсэн хуулийн 37.3 дахь заалтын хүрээнд нарийвчилсан хууль, журам батлах шаардлагатай байгаа. Үүрэг гүйцэтгэгч нь Онцгой байдал зарлах эрхтэй эсэх, нэг гараараа УИХ-аар хууль баталчхаад нөгөө гараараа түүндээ хориг тавих эсэх, мөн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх зэрэг асуудлууд хуулиар зохицуулагдаагүй байгаа тул яаралтай хууль гарган цэгцлэх ёстой гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд, УИХ-д суудалтай улс төрийн намуудын удирдлагуудын түвшинд энэхүү хуулийн зөрчлийн талаар хэлэлцсэн бөгөөд 1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч төгс болоогүй, амьдрал дээр зөрчлүүд гарч ирсээр байгаа тул эдгээр асуудлыг нээлттэй ярилцаж шийдэх цаг болсон. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.