LIVE: Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийг баталлаа
Төв банкны бие даасан байдлыг бэхжүүлж, сүүлийн 15 жилд хуримтлагдсан суурь асуудлуудыг шийдвэрлэх цогц реформ хэрэгжиж эхэллээ
Монголбанкнаас дэвшүүлж буй энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд сүүлийн 15 жилийн хугацаанд хуримтлагдсан суурь сорилтуудыг системийн түвшинд шийдвэрлэх эрх зүйн болон бүтцийн шинэчлэлийг тусгасан байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг болон парламентын гишүүд тус бодлогын төслийг нарийвчлан хэлэлцэж, нэгдсэн байр суурьтайгаар дэмжиж байгааг Төв банкны удирдлага онцоллоо.
Түүнчлэн Засгийн газар, Ерөнхий сайд болон Сангийн сайдын зүгээс эдгээр асуудлыг хамтран шийдвэрлэх түүхэн шийдвэр гаргаж буйг тодотгов. Өмнө нь Сангийн яам, Төв банк хоорондын бодлогын уялдаа хангалтгүй явж ирсэн бол энэ удаад төсөв болон мөнгөний бодлогыг нэгдмэл зорилгод нийцүүлэх бодит алхам хийгдэж байна. Тухайлбал, сонгуулийн өмнө Төв банкнаас төсвийн шинжтэй санхүүжилт хийхгүй, зах зээлд мөнгө нийлүүлэхгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн албан ёсоор мэдэгдсэн нь олон улсын жишигт нийцсэн, улс орны зээлжих зэрэглэл болон нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх алхам болсныг тэмдэглэлээ.
Төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх арга хэмжээ
Төв банкинд үүссэн 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг барагдуулах, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх хүрээнд Засгийн газрын үнэт цаас гаргах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ. Мөнгөний бодлогыг улсын төсөв батлагдахаас өмнө өргөн мэдүүлдэг болох эрх зүйн шинэчлэл хийгдэж буй бөгөөд энэ жилийн төсөв хэдийн батлагдсан тул уг арга хэмжээ 2028 оноос хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдсөн байна.
Уг төлөвлөгөөний дагуу 2028-2032 оны хооронд жил бүр 1 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг Төв банкинд эзэмшүүлэх замаар өмнөх төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх юм. Энэхүү үнэт цаас нь хоёр үндсэн зорилготой:
- Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх бодит актив болж бүртгэгдэнэ;
- Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) оронд ашиглагдсанаар шинээр мөнгө нийлүүлж зах зээлд үүсгэх эрсдэлийг хааж, эрсдэлгүй санхүүгийн хэрэгслийн өгөөжийн муруйг бий болгоно.
Үүн дээр нэмээд Засгийн газраас 2027 оноос эхлэн гадаад өрийн менежментийг сайжруулах, зах зээл дээрх илүүдэл хөрвөх чадварыг шингээх зориулалттай 1 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар тусгасан байна. Энэхүү уялдаа бүхий бодлого нь дунд хугацаанд инфляцыг бууруулахад чухал түлхэц үзүүлэх юм.
Валютын зах зээлийн шинэчлэл
Төв банк валютын зах дээр зохицуулагч биш, харин хамгийн том тоглогч, худалдан авагч болж хувирсан нь зах зээлийн механизмыг гажуудуулж, алдагдлыг нэмэгдүүлж ирсэн байна. Иймд тус зах зээлийг сонгодог зах зээлийн зарчимд үе шаттайгаар шилжүүлэх бөгөөд 2030-2032 он гэхэд бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Огцом шилжилт хийх нь валютын зах зээлд савлагаа үүсгэх эрсдэлтэй тул шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатайг тайлбарлав.
Инфляцын төлөв ба бодлогын хүү
Энэ оны 10 дугаар сарын байдлаар инфляц 13.4 хувьтай гарсаны 6.8 нэгж хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляц бүрдүүлж байна. Үүнийг зохицуулахын тулд нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоон дээр Засгийн газартай нягт хамтран ажиллах юм. Мөн түлш шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хоёрдогч дамжих нөлөөгөөр суурь инфляц 2 дугаар сард 4.2 хувь байснаас 10 дугаар сард 7.4 хувь болж өссөн тул макро зохистой болон мөнгөний бодлогын хэрэгслүүдийг идэвхтэй ашиглана.
Бодлогын хүү 12.5 хувь байгааг шүүмжлэх хандлага байдаг ч эдийн засгийн 7.6 хувийн өсөлтийн дийлэнх нь уул уурхай болон тээврийн салбарт төвлөрсөн, харин худалдааны салбар агшиж, өрхийн бодит орлого 4.6 хувиар буурсан байгааг онцоллоо. Ийм нөхцөлд бодлогын хүүг огцом өсгөх нь бодит эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөөтэй тул эрсдэлийг тооцож, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлд мэргэжлийн бие даасан бодлого баримталж байна.
Бүтээмжид суурилсан эдийн засаг ба дунд хугацааны төлөвлөгөө
Суурь реформын гол зорилго нь зах зээл дээр бүтээмжид суурилаагүй илүүдэл мөнгө үүсдэг тогтолцоог халах, баялаг бүтээгч бодит сектор болон аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд оршиж байна. Хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд хэрэглээний зээл буурч, бизнесийн зээл өссөн эерэг хандлага ажиглагдаж эхэлжээ.
Төв банкны дунд хугацааны стратегид тусгагдсан 17 арга хэмжээ, Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 4-5 холбогдох хуулийн өөрчлөлт төлөвлөсний дагуу батлагдвал 2030 он гэхэд инфляц тогтворжиж, зорилтот түвшинд бүрэн хүрэх тооцоотой байна.
Буруу ташаа ойлголтуудад өгсөн залруулга
- Төрийн өмчит компаниудын (ТӨК) дансыг төвлөрүүлэх тухайд: ТӨК-иудын мөнгийг Монголбанкны дансанд байршуулах тухай ойлголт ташаа болохыг залруулав. Банкны хуулиар аж ахуйн нэгжийн данс Төв банканд байрших боломжгүй бөгөөд төрийн мөнгөөр Төв банкны нээлттэй захын үйл ажиллагаанд хиймлээр оролцож байсныг зогсоож, арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрт суурилсан зөв голдрилд оруулах зохицуулалт яригдсан байна.
- Төв банкны өөрийн хөрөнгийн менежмент: Монголбанк үйл ажиллагаа, санхүүгийн удирдлагаа сайжруулж, Засгийн газрын дэмжлэгтэйгээр 5-7 жилийн дотор өөрийн хөрөнгийн дутагдлыг бүрэн нөхөж, санхүүгийн хувьд бие даасан байдалд хүрэх зорилт тавин ажиллаж байна.
- Валютын ханш болон шатахууны үнэ: Гадаад зах зээлд газрын тосны үнэ өсөж, шатахууны төлбөрт зарцуулсан валютын дүн 60 хувиар нэмэгдсэн хэдий ч валютын албан нөөц түүхэн дээд хэмжээнд байгаа тул төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үеэс ердөө 1 орчим хувиар л суларчээ. Энэ нь ханшийн огцом савалгаа үүсгэхгүйгээр гадаад үнийн дарамтыг дотоодын зах зээлд зөөлрүүлэх бодлого амжилттай хэрэгжсэний илрэл юм.
- Импортлогчдод олгох зээлийн хүүгийн хөнгөлөлт: Монголбанкнаас 7 хувийн хөнгөлөлттэй зээл шууд олгох бус, Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрт тавигддаг Төв банкны заавал байлгах нөөц зэрэг зохицуулалтын шаардлагыг уян хатан болгох замаар эх үүсвэрийн зардлыг 7 нэгж хувь хүртэл бууруулах боломжийг судалж байна. Өмнөх шиг Төв банкнаас шууд мөнгө хэвлэж эх үүсвэр гаргахгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.