Албан тушаалаа өгөхөөр цагааддаг жишиг
Монголчууд албан тушаалаа өгөхийг цагаатгаж байна гэж боддог. Нэг талаас хариуцлага хүлээж байгаа, нөгөө талаас хариуцлага тооцож байна гэж үздэг.
Уг нь ч яг ингэж үздэггүй л дээ. Харин улс төрчид ингэж үздэг болгочихжээ биднийг.
Манайхаас өөр оронд бол улс төрд эргэн хөл тавих байтугай “энэ дэлхийгээс зайл” гэдэг. Японд бол бүр бичих ч юм биш!
Монголчууд цөөхөн болоод ч тэр үү, эсвэл ёс зүйн хариуцлага гэдэг соёл тогтоогүй болоод ч тэр үү өчигдөр улс төрийн үхдэл болсон хүн маргааш амилаад явахад гайхах зүйлгүй.
С.БАЯРЦОГТЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАР
Тухайн үед УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогтын хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нэг сая доллар ба оффшор данс илэрсэн нь 2013 оны үйл явдал.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага (ICIJ)-аас С.Баярцогтын Швейцарийн банкан дахь нэг сая орчим ам.долларын данс болон Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй оффшор компани (Legend Plus Capital Limited гэх мэт)-ийг ил болгосон байдаг. Энэ мэдээлэл ил болсны дараа тэрээр УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа буусан ба (УИХ-ын гишүүн хэвээр) дараа нь энэ талаар сэтгүүлчид хөндөж асуухад “Би дэд даргаас бууж хариуцлага хүлээсэн шүү дээ” хэмээн хээв нэг өгүүлж суусан билээ.
АЖИЛТНАА ШАНААДСАН Ц.БАТ-ЭНХ
Тухайн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ц.Бат-Энх ажилтандаа шанаа өгсөн хэргээр огцорч байсан билээ.
Хэргийг тодруулбал, 2007 оны 12-р сарын 21-ний өглөө тус яамны мэргэжилтэн Ж.Б охиноо цэцэрлэгт хүргээд замын бөглөрөлд орсны улмаас ажилдаа 10 минут хоцорсон ба Ц.Бат-Энх түүнийг нүүр рүү нь цохиж (шанаадаж), цустай нь холисон хэмээн хохирогч өргөдөлдөө дурдсан байдаг.
Албан тушаалаа өгч “хариуцлага тооцуулсан” тэрээр 2020 онд МАН-ын нарийн бичгийн даргаар эргэн ирсэн ч МИАТ-ийн онгоцонд дүвчигнэсэн, ковидын үеийн хязгаарлалт зөрчсөн хэргээр бас л албан тушаалаас бууж байсан билээ. Гэвч одоо тэрээр улс төрөөс явах нь бүү хэл “Эрдэнэт” үйлдвэрийн дэд даргын албан тушаалд “мөнхөд” сууж байгаа билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН У.ХҮРЭЛСҮХ
Олон улсын хэвлэлд бичсэнээр авлигад нэр холбогдсон Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэж, өнөөдөр түүнийг үдэж өглөө.
Хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэр төрөө цэвэрлэх их ажил түүнийг хүлээж байна. Хэрсүү иргэд ч анхааралтай ажиглаж байна. Хууль хяналтын байгууллага ийм хэргийг хэрхэн шийдэхийг харах нь түүнийг эргэн ирэхэд нөлөөлнө.
Түүнээс биш албан тушаалаа өгчихөөд “би хариуцлага тооцуулсан” хэмээн С.Баярцогт шиг яриад явдаг болчихвол гүлдгэр улс төрчийн тоог нэгээр нэмэхээс хэтрэхгүй шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.