Жеффри Эпштейн бусдын гарт амиа алдсан байх өндөр магадлалтай гэж шүүх эмнэлгийн шинжээч дүгнэв
Шүүх эмнэлгийн нэрт шинжээч, доктор Майкл Фриман бэлгийн хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан Жеффри Эпштейний үхлийн шалтгааныг шинээр шинжлэн судалж, түүнийг амиа хорлосон бус харин бусдын гарт боомилогдон амиа алдсан байх өндөр магадлалтай гэсэн дүгнэлтийг танилцууллаа.
Энэхүү дүгнэлт нь 2019 онд гаргасан албан ёсны шийдвэрийг няцааж буй бөгөөд уг шинэ судалгааны үр дүнг Лондоны Их сургуулийн коллежид зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралдааны үеэр танилцуулсан байна.
Шүүх, хууль зүйн анагаах ухааны сэтгүүлийн ерөнхий редактор, профессор Майкл Фриман уг судалгааг бүтэн жилийн турш хийсэн бөгөөд Швед улсын Умео их сургуулийн шүүх эмнэлгийн профессор Андерс Эрикссон болон танин мэдэхүйн хандлагын мэргэжилтэн Итиел Дрор нартай хамтран ажиллажээ. Шинжээчдийн баг талийгаачийн дүү Марк Эпштейнээс шинжээчид болон "CBS News" агентлагт хүлээлгэн өгсөн өмнө нь нийтлэгдэж байгаагүй задлан шинжилгээний бүрэн баримтууд, эмнэлгийн шинжээчийн архивын файлууд болон гэрэл зургуудад үндэслэн биомеханик сэргээн босголт, боолтын ул мөрийн нарийвчилсан дүн шинжилгээг хийсэн байна.
Шинжилгээний үр дүнд Эпштейний биед үүссэн гэмтлүүд нь өөрийгөө дүүжилж амиа хорлосон үед илрэх шинж тэмдэгтэй таарахгүй байгааг доктор Фриман цохон тэмдэглэв.
Түүний дүгнэлтээр, хохирогч руу ар талаас нь гэнэдүүлэн дайрч, хүч хэрэглэн боомилсны дараа дүүжилсэн байх төлөвтэй бөгөөд биед нь бие махбодын тэмцэлдээн явагдсаныг илтгэх олон тооны гэмтэл илэрчээ.
Тодруулбал, хүзүүний ер бусын боолтын ором, нүүрний хэсгийн гэмтлүүд болон зүүн мөрөнд үүссэн их хэмжээний цус алдалт зэрэг нь анхны мөрдөн шалгалтаар дутуу үнэлэгдсэн хэмээн онцолсон байна.
Түүнчлэн анхны мөрдөн шалгах ажиллагаанд процедурын ноцтой алдаанууд гарсныг шинжээч шүүмжилжээ. Шоронгийн өрөөнд цогцсыг байх үеийн үзлэгийн гэрэл зургийг аваагүй, боомилоход ашигласан гэх даавууг зохих ёсоор хадгалж шинжлээгүй, мөн өрөөнөөс олдсон зангидсан улбар шар өнгийн даавуутай холбоотой эргэлзээтэй асуудлуудыг шалгаагүй орхисон зэрэг нь хэргийн үнэн мөнийг тогтооход сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн байна.
Гэсэн хэдий ч доктор Фриман уг хэргийг яг хэн үйлдсэнийг тогтоох боломжгүй бөгөөд түүний эрдэм шинжилгээний бүтээл одоогоор шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэхээс татгалзсан хариу авч, хөндлөнгийн шүүмж хараахан хийлгээгүй байгааг дурджээ.
Нью-Йорк хотын ерөнхий шүүх эмнэлгийн албанаас энэхүү шинэ дүн шинжилгээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөр гаргасан Эпштейнийг дүүжилж амиа хорлосон гэх албан ёсны дүгнэлтээ тууштай хамгаалж байгааг мэдэгдлээ.
Хэдийгээр албаныхан анхны дүгнэлтээ өөрчлөхөөс татгалзаж буй ч шүүх эмнэлгийн бие даасан шинэ баримтууд нь өндөр анхаарал татсан уг хэргийн эргэн тойрон дахь эргэлзээ, маргааныг дахин хурцатгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.