Оросын тэрбумтнууд Путиний дараах Орос орны талаар нууцаар хэлэлцэж эхэлжээ
ОХУ-ын эдийн засгийн хүрээний нөлөө бүхий тэрбумтнууд Ерөнхийлөгч Владимир Путиний бүрэн эрхийн дараах Орос орны талаар өөр хоорондоо нууцаар ярилцаж, хэлэлцэж эхэлснийг BBC агентлаг мэдээллээ.
Урьд нь төрийн тэргүүнээ "босс" хэмээн нэрлэдэг байсан олигархиуд аравдугаар сард 74 нас хүрсэн түүнийг хувийн яриандаа "өвөө" гэж авгайлах болсон нь төрийн эрх баригчийг харах хандлага далд хүрээнд өөрчлөгдөж буйг илтгэж байна.
"Forbes" сэтгүүлийн тооцоолсноор ОХУ-д нийт 695.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 155 тэрбумтан амьдардаг ч тэдэнд төрийн бодлогод нөлөөлөх улс төрийн эрх мэдэл бараг үгүй юм. Эдгээр чинээлэг эрхмүүдийн санхүүгийн амжилт төрийн гэрээ, Кремлийн ивээл болон бүрэн үнэнч байдлаас шууд хамаардаг.
Кремлийн зөвлөх асан Дмитрий Некрасов энэ нөхцөл байдлыг тайлбарлахдаа "Тэдэнд гарт нь ямар ч хөзөр, тоглоом байхгүй. Тэд Путинтэй холбоотой болохоороо л баян байгаа юм" хэмээн онцолжээ.
1990-ээд онд төрийн бодлогыг тодорхойлж байсан баячууд 2000 оноос эхлэн эрх мэдлээ алдаж, тухайн үеийн хамгийн баян бизнесмэн Михаил Ходорковский арван жил хоригдсоноор төрийн хатуу хяналтад орсон түүхтэй.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Путин Кремлийн Екатеринагийн танхимд 30 гаруй тэрбумтныг дуудан эдийн засгийн бүрэн хамтын ажиллагаа шаардахад тэдний хэн нь ч эсэргүүцээгүй юм. Санхүүч Билл Браудер тэднийг "бүрэн номхорсон, бараг аргаа барсан сургуулийн хүүхдүүдтэй адил болсон" гэж тодорхойлсон байдаг.
Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас олон улсын зах зээл, хувийн нисэх онгоц, гадаад дахь хөрөнгөө алдах эрсдэлтэй тулгарсан бизнесмэнүүд хэдэн арван тэрбум ам.долларыг гадаадын үл хөдлөх хөрөнгө, алт, криптовалют руу шилжүүлж байна. Гэсэн хэдий ч Кремлийн хатуу шийтгэлээс эмээдэг тул тэд ямар нэгэн хуйвалдаан зохион байгуулах, олон нийтэд ил тод эсэргүүцэл илэрхийлэхээс эрс зайлсхийдэг аж.
Шинжээчид Путин албан тушаалаа орхисны дараа тус улсад өрнөж болзошгүй гурван үндсэн хувилбарыг тодорхойлж байна.
Үүнд, хууль дээдлэх ёс, төрийн институтийг сэргээх ардчилсан хувилбар багтах боловч олон жилийн хэлмэгдүүлэлтийн улмаас иргэний нийгэм суларсан тул энэ нь хамгийн магадлал багатай замд тооцогдож байна. Хоёр дахь хувилбар нь, Путиний хатуу бодлогыг үргэлжлүүлэх залгамжлагч бүхий шинэ автократ дэглэм боловч эрх мэдлээ хадгалах чадвар нь харьцангуй сул байх төлөвтэй. Харин гурав дахь зам буюу олигархиудын хамгийн их хүсэж буй сонголт бол 1990-ээд оны маягийн засаглал руу эргэн орж, бизнесийн бүлгүүд төрийн эрх мэдлийг хуваан эзэмших явдал юм.
Олон улсын тусгаарлалт болон төрийн хэт төвлөрсөн хяналтыг эцэслэхийг эрмэлзэж буй Оросын элитүүд төрийн бодлогод шууд нөлөөлөх хөшүүргээ эргүүлэн олж авахыг хүсэж байна. Гэвч тэд өнөөгийн нөхцөлд задран унах эрсдэлээс болгоомжлон эрх мэдлийн шилжилт хэрхэн өрнөхийг чимээгүйхэн ажиглаж, ирээдүйд бий болох шинэ нөхцөл байдалд өөрсдийн байр суурийг хамгаалах бэлтгэлээ далд хэлбэрээр хийсээр байна.
Эх сурвалж:
• fakti.bg
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.