🔴Ц.Баатархүү: Чингэлтэй дүүрэгт газрын маргаан 18 дахин өссөн тул иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээг эхлүүллээ
Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас тус дүүргийн иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээг эхлүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү мэдээллээ.
Түүний танилцуулснаар, Чингэлтэй дүүргийн иргэдийн дунд тулгамдаж буй асуудлаар санал асуулга явуулахад 14 мянга орчим санал ирсэн бөгөөд иргэдийн олонх нь төрийн үйлчилгээ доголдолтой байгааг дурджээ. Хуульд уг нь тодорхой заасан байдаг ч амьдрал дээр дүүрэг, хорооны түвшинд хэрэгжихгүй байгааг, ялангуяа иргэдээ өмчтэй болгох, өмчийг нь баталгаажуулах, нэмэлт орлоготой болгох эрх зөрчигдөж, мэдээлэлд ойр хүмүүс боломжийг нь булаан авч байна гэх гомдлууд зонхилсон байна.
Чингэлтэй дүүргийн АН-аас өнөөдрөөс эхлэн Хууль, өмгөөллийн товчоотой хамтран газрын харилцаа болон 1072 хувьцааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээг эхлүүлж буй аж
“Чингэлтэй дүүргийн иргэдийн дөнгөж 12 хувь нь л газраа өмчилж авсан байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль хэрэгжиж эхлээд 23 жил болсон атал таван хүн тутмын дөрөв нь өмчөө баталгаажуулж чадаагүй байна. Гэтэл 100 мянга орчим өрх эзэмших гэрчилгээтэй хашаандаа олон жил амьдарч байна. Тэд олон жил хашаагаа барьж, суурьшин, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хамруулаад, газраа хуулийн дагуу өмчилж авах гэхээр ‘газрын нөөц байхгүй’, ‘квотод ороогүй’, ‘төлөвлөлтөд ороогүй’, ‘иргэдийн хуралд төлөвлөөгүй’ гэх зэрэг маш олон шалтгаан тоочдог аж.
Ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Мөн газрын албаны цахим системд гаргасан хүсэлтүүдийн 60-70 хувь нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байгааг тэрбээр шүүмжиллээ. Хуульд зааснаар иргэд 90 хоногийн дотор хариу авах ёстой байтал хариу өгдөггүй, цахимаар хүсэлт гаргаад нэмэргүй байгаа тул иргэд хаана хандахаа мэдэхгүй мухардаж байна гэв. Түүнчлэн анх хандахад нь олгож болох юм байна гэж хэлсэн газрыг жилийн дараа очиж лавлахад өөр хүнд олгосон байх тохиолдол гарч байгаа нь иргэдийн дунд ихээхэн хардлага дагуулж байгааг тодотгов. Хороо, газрын алба тойрсон мэдээлэлд ойр хүмүүс нэг иргэний нэр дээр 20, 40 газрыг уулын аманд 100 айлын дайтай хэмжээгээр өмчилж авч байхад энгийн иргэд хохирч үлдэж буйд шүүмжлэлтэй хандлаа.
Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар өмчлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа 2028 оны тавдугаар сарын 1-нд дуусах гэж байгаа ч нийт иргэдийн дийлэнх нь энэ эрхээ эдэлж амжаагүй байна. Иймээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хуулийн дагуу өмчөө баталгаажуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн АН өдөр бүр утас болон цахим системээр хүсэлт авч, тодорхой өдрүүдэд хоёр хуульч, өмгөөлөгч ажиллуулан эрх зүйн зөвлөгөө өгч ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.