ОХУ 720 мянга гаруй цэргээ дайнд алдсаныг баталгаажуулав
Оросын Холбооны Улс Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш тус улсын 700-720,000 гаруй цэрэг амь үрэгдсэнийг төрийн албан ёсны бүртгэлээс задарсан нууц баримтуудад үндэслэн хийсэн бие даасан шинжилгээгээр тогтоожээ.
Энэ нь дайн эхэлснээс хойш дунджаар дөрвөн минут тутамд нэг орос цэрэг амь насаа алдсан гэсэн үг бөгөөд Оросын армийн бодит хохирлын цар хүрээг харуулсан урьд хожид үзэгдээгүй дэлгэрэнгүй тоо баримт болж байна.
Дээрх тоо баримтууд нь ОХУ-ын Холбооны улсын статистикийн албаны (Росстат) мэдээллийн сангаас алдагдсан 11.6 сая гаруй нас баралтын албан бүртгэлээс үүдэлтэй юм. Уг мэдээллийг Беларусийн сөрөг хүчний "Cyber Partisans" болон Украины "Silent Crow" хакерын бүлэг нэвтрэн авч, олон нийтэд дэлгэжээ. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг бие даасан "Meduza", "Mediazona" хэвлэл болон Их Британийн "The Guardian" сонин уг баримтуудыг Оросын өв залгамжлалын бүртгэл, шүүхийн баримтуудтай тулган шалгахад 95.1 хувийн нарийвчлалтай тохирч, бодитой болох нь нотлогдсон байна.
Задарсан мэдээллээс үзвэл Оросын төр албан ёсоор 490-500,000 орчим цэргийн нас баралтыг бүртгэсэн байсан ч үхлийг бүртгэх хүнд суртлын удаашрал болон сураггүй алга болсон цэргүүдийн тоог статистик загварчлалаар тооцоход нийт амь үрэгдэгсдийн тоо 720,000-ыг давсан байна.
Фронтын хамгийн цус асгаруулсан бүс нь зүүн Украины Покровск чиглэл байсан бөгөөд энд 41,000 гаруй орос цэрэг амь насаа алджээ. Мөн Курск мужид явагдсан тулаанд 13,000 гаруй цэрэг үрэгдсэн бөгөөд 2025 оны тавдугаар сарын Покровскийн довтолгооны оргил үед Оросын хохирол өдөрт 720-д хүрч, ганцхан долоо хоногт 5000 гаруй цэрэг үрэгдэж байсныг баримтууд харуулжээ.
Германы Олон улсын болон аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээч Янис Клюгегийн тэмдэглэснээр, байлдааны талбарт хүнд шархадсан цэргүүдээсээ илүү амь үрэгдэгсдийн тоо өндөр гарсан нь фронтод хэрэгжүүлж буй дайралтын харгис тактик болон шархдагсдыг эмнэлэгт нүүлгэн шилжүүлэх тогтолцоо бүрэн доголдсоныг илтгэж байна. Үүнээс гадна алдагдсан бүртгэлд Оросын цэргийн алба хаагчдын дунд 1000 гаруй амиа хорлолт бүртгэгдсэн нь тодорхой болжээ.
Цэргийн асар их хохирол нь Оросын хүн ам зүй, нийгэмд эргэлт буцалтгүй хор уршиг тарьж байна.
Дайны хохирол нь тус улсад 65 хүртэлх насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болсноор эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65.3 болж огцом буурчээ. Цаашид хэдэн зуун мянган залуус байлдааны талбарт үрэгдсэний улмаас үүсэх хүн амын хомстол болон эдийн засгийн хямрал тус улсын ирээдүйд хүнд тусахаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.