ХХҮЕГ-ын санхүүгийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын санхүүгийн албанд ажиллаж байсан хүмүүст холбогдох хэрэгт нэмж хийлгэхээр шүүхээс даалгасан ажиллагааг хууль сахиулагчид явуулж дуусгаад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.
Тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Цэрэндаваа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн асан Б.Мөнгөнцэцэг, төсвийн үйл ажиллагаа хариуцсан нягтлан бодогч М.Мэндбаяр нар эрх мэдэл албан тушаалаа урвуулж, байгууллагынхаа данснаас аж ахуйн нэгж рүү багагүй хэмжээний мөнгө шилжүүлж, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдаж буй юм.
Өдгөө тэд ХХҮЕГ-т ажиллахаа больж, Б.Цэрэндаваа нь нийслэлийн Засаг даргын харьяа агентлагт, Б.Мөнгөнцэцэг нь төрийн өмчит компанид ажиллаж буй бол М.Мэндбаяр нь хувиараа хөдөлмөр эрхлэх болжээ.
Б.Цэрэндаваа нь ХХҮЕГ-ын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа Б.Мөнгөнцэцэгт хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэгэн компани болон иргэн Б.Т-ын данс руу нийт 3.9 сая төгрөг шилжүүлж, бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдсан аж. Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж дүгнэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байна. Давж заалдах шатны шүүх уг захирамжийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүх өнгөрсөн долоодугаар сард хэлэлцэхээс татгалзжээ.
Ингэснээр шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагааг мөрдөн шалгах болон прокурорын байгууллага хийгээд гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр дахиад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.