92 настай эмир, жуулчин эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогджээ
Нигерийн Кацина мужийн захиргаанаас гадаадын жуулчин эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаад буй 92 настай Даурагийн эмир Альхажи Умар Фарук Умарыг албан үүрэг, олон нийтийн уулзалт болон зорчих эрхээс нь бүрэн түдгэлзүүллээ.
Энэхүү хэрэг явдал 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон бөгөөд Нигерт 30 хоногийн хугацаатай аялж явсан Чех гаралтай Польшийн жуулчин Мирка Цзи Даурагийн эзэн хааны ордонд зочлох үеэр гарчээ. Жуулчин эмэгтэйн мэдүүлснээр, ордны өрөөнүүдтэй танилцсаны дараа тэрээр 92 настай эмиртэй ганцаараа үлдсэн бөгөөд уг хаан түүний гарыг барьж, хацар дээр нь үнсэн, цээжинд нь зүй бусаар хүрсэн байна.
Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгт эмир, жуулчин бүсгүйн гарыг чанга атган өөртөө нааж, улмаар цээж рүү нь гараа чиглүүлэхэд жуулчин "Зогс, зогс" хэмээн шаардаж буй нь бичигджээ. Жуулчин эмэгтэй болсон явдалд гүнээ цочирдож, дургүйцсэнээ олон нийтэд зарласан юм.
Цахим орчинд уг бичлэг хүчтэй тархаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Кацина мужийн захирагч Малам Дикко Умару Радда хэргийг нарийвчлан шалгах мөрдөн байцаах хороог яаралтай байгуулах үүрэг өгсөн байна. Мужийн Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын комиссар доктор Бала Занго 2026 оны 11 дүгээр сарын 24-ний мягмар гаргийн албан ёсны мэдэгдэлдээ, мөрдөн шалгах хорооны дүгнэлт гарах хүртэл эмирийн бүх эрх ямба, албан үүргийг зогсоож байгааг зарлав. Мужийн удирдлагууд уг хэрэг явдалд гүнээ харамсаж байгаагаа мэдэгдээд, шударга ёсыг тогтоож, шалгалтын хорооны гаргасан зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Энэхүү хэрэг явдал нийгэмд хүчтэй шуугиан тарьж, хүний эрхийн байгууллагууд болон олон нийтийн зүтгэлтнүүдийн эсэргүүцлийг хүлээв. Олон улсын Эмнести байгууллагын Нигери дэх салбар болон Нигерийн Хүний эрхийн зохиолчдын холбоо хэргийг ил тод, хараат бус бөгөөд түргэн шуурхай шалгахыг шаардсан байна. Түүнчлэн Кадуна мужийн захирагч асан, бэлтгэл хурандаа Абубакар Дангива Умар захирагч Раддад ил захидал илгээж, уламжлалт засаглалын нэр төр, ёс суртахууны үнэт зүйлийг хамгаалах үүднээс эмирийг нэн даруй үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэдгийг онцолсон байв.
Эх сурвалж:
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.