БНХАУ-д хүн амын хөгшрөлт толгойны өвчин болж байна
БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Иргэний хэрэг эрхлэх яам зэрэг төрийн дөрвөн байгууллага хамтран хүн амын цөөрөлт, хөгшрөлтийн эсрэг чиглэсэн ахмад настан, хүүхэд асрах үйлчилгээний үндэсний цогц төлөвлөгөөг баталлаа.
Шинэ төлөвлөгөөний хүрээнд 2030 он гэхэд нийтийн сууцанд түшиглэсэн ахмад настны асрамжийн үйлчилгээний хүртээмжийг 70 хувьд хүргэх томоохон зорилт тавьсан байна. Түүнчлэн асрамжийн газруудын нийт орны 73 хувийг байнгын сувилгаа шаардлагатай ахмадуудад зориулахаар болсон бөгөөд хуучирсан 2000 улсын асрамжийн газрыг шинэчлэн засахад улсын төсвөөс санхүүжилт олгохоор тусгажээ.
Засгийн газар хөгшрөлтийн асуудлыг шийдвэрлэхийн сацуу төрөлтийг нэмэгдүүлэх үүднээс залуу гэр бүлүүдэд ирэх зардлын дарамтыг хөнгөлөхөд онцгой анхаарч байна. Тухайлбал, гурав хүртэлх насны хүүхдийг өдөр өнжүүлэх үйлчилгээнд хамруулах түвшнийг 2025 оны үзүүлэлтээс зургаан хувиар нэмэгдүүлж, орон сууцны хорооллоос 15 минутын дотор явган хүрэх зайд хүүхэд харах дэд бүтцийг бий болгохоор төлөвлөжээ.
БНХАУ-д 60 ба түүнээс дээш насны 323 сая хүн амьдарч буй нь нийт хүн амын 23 хувийг эзэлж байгаа бөгөөд 2035 он гэхэд энэ тоо 400 саяас давах тооцоо гарчээ.
Хүн амын байгалийн цэвэр өсөлт хасах 2.41 промилльд хүрсэн нь хөдөлмөрийн насны иргэдийн тоо эрчимтэй буурах эрсдэлийг дагуулж байна. Иймээс эрх баригчид ахмад үеийнхнийг зөвхөн халамж хүртэгчид гэж үзэхээс татгалзаж, "мөнгөн эдийн засаг"-ийн хүрээнд тэдний худалдан авах чадвар, нийгмийн оролцоог идэвхжүүлэх бодлого баримталж эхэллээ.
Хүн ам зүйн бүтцийн огцом шилжилт нь орон нутгийн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын санд бодит ачаалал бий болгож байгаа юм. Үүний эсрэг тус улс аж үйлдвэрийн робот болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалтаа тэлж байгаа бөгөөд энэхүү үндэсний төлөвлөгөө нь нийгмийн суурь халамжийг баталгаажуулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад чухал суурь болно гэж үзэж байна.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.