Авлигаар олж авсан хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хууль батлагдсанаар,

-Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана, 

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураан, шүүх шийдвэрлэнэ, 

-Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна,

-Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна. 

-Хураан авсан хөрөнгийн сан байгуулна. Сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.

-Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох,

-Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулахаар тусгажээ.  

Мөн Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хэллээ. 

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээний төслийг тохирох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус төсөлд хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй зарлаж, Гадаад харилцааны яамаар дамжуулан ган, металлургийн салбарын тэргүүлэгч 30 гаруй компанид урилга хүргүүлжээ.

2026 оны аравдугаар сарын 22-нд оролцогчдоос ирүүлсэн материал, баримт бичгийг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур, шаардлагын дагуу үнэлж, БНХАУ-ын “Бээжин Жианлунг” (Beijing Jianlong Heavy Industry Group) групптэй хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.