🔴 Г.Дамдинням: Монгол улс "Гангийн үйлдвэр"-тэй болох томоохон алхмаа хийлээ

 
Олон жил яригдсан ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, үр дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
 
Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын “Beijing Jianlong Heavy Industry Group” компани шалгарч, хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр боллоо. Дархан-Уул аймгийн Орхон суманд байгуулах 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий ган үйлдвэрлэлийн цогцолбор бүрэн хүчин чадлаар ажилласнаар урьдчилсан ТЭЗҮ-ийн тооцоогоор:
 
🔹
🔹
Жилд 645 сая ам.долларын борлуулалт хийнэ.
🔹
🔹
101.5 сая ам.долларын цэвэр ашиг олно.
🔹
🔹
Улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ.
🔹
🔹
1650 ажлын байр шинээр бий болгоно.
🔹
🔹
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлнэ.
🔹
🔹
Төлбөрийн тэнцлийг 350–400 сая ам.доллароор сайжруулна.
 
Хамгийн чухал нь ган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550–600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулах, импортын хараат байдлыг багасгахад чухал ач холбогдолтой.
 
Шалгарсан хөрөнгө оруулагчийн зүгээс 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал ирүүлээд байна
Цаашид Ерөнхий сайдын захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг хэлэлцэх, төслийг дараагийн шатанд шилжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хангасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад онцгой анхаарч ажиллана. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2027 онд эхлүүлнэ. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолдог бус, дотооддоо боловсруулж, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болохын төлөө ажиллаж байна хэмээн Г.Дамдинням сайд мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.