Их Британид эхнэрээ мансууруулан бусдад хүчирхийлүүлсэн хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Их Британийн Манчестер хотын Миншулл гудамжны Төрийн шүүхэд олон арван жилийн турш эхнэртээ нууцаар мансууруулах бодис өгч, танихгүй эрчүүдийг гэртээ урин хүчирхийлүүлсэн нөхөр болон түүний хамсаатнуудад холбогдох томоохон хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Шүүх хурал эхлээд дөрвөн долоо хоног өнгөрсний дараа хохирогч эмэгтэй танхимд биечлэн ирж, 45 орчим минутын турш мэдүүлэг өгөхдөө өөрийг нь унтаж байх дүр эсгэсэн гэх өмгөөлөгчдийн тайлбарыг эрс үгүйсгэв. Түүнчлэн шүүгдэгч Филип Вайлдын өмгөөлөгч эмэгтэйг хаалгаа өөрөө тайлж угтан авсан гэж мэдүүлснийг тэрбээр худал мэдээлэл хэмээн няцааж, гэрт нь үл таних этгээдүүд орж ирснийг огт мэдээгүй гэдгээ батлан мэдэгдсэн байна. Тангарагтны шүүхийн гишүүдэд нөхөр нь баривчлагдсанаас хоёр долоо хоногийн дараа авсан цагдаагийн анхны байцаалтын бичлэгийг үзүүлсэн бөгөөд эмэгтэй тухайн үед юу болсныг ойлгохгүй цочирдож, өөрөөс нь болсон эсэхийг асууж байжээ.
Хосууд 2016 оноос хойш есөн жилийн турш бэлгийн харилцаанд ороогүй байсан байна.
Хэрэгт холбогдсон Стокпорт хотын 60 гаруй насны эрийн нэрийг хохирогчийн хууль ёсны нууцлалыг хамгаалах үүднээс нууцалж байгаа бөгөөд тэрбээр 2004 оноос эхлэн үйлдсэн хүчин, мансууруулах бодис өгсөн, нууц бичлэг тараасан зэрэг 60 гаруй төрлийн гэмт хэрэгт гэм буруугаа хүлээсэн юм. Мөрдөн шалгах явцад тэрбээр эхэндээ согтуу байх үед нь эхнэрээ хүчирхийлдэг байснаа сүүлдээ ухаан алдуулах бодисын холимог өгдөг болсон нь тогтоогджээ. Улмаар насанд хүрэгчдийн зар сурталчилгааны сайт ашиглан гэртээ танихгүй эрчүүдийг дуудаж, ухаангүй байсан эхнэрээ хүчирхийлүүлэн бичлэг хийдэг байсан бөгөөд цахим төхөөрөмжүүдээс нь нэг сая гаруй дүрс бичлэг, зураг илэрчээ.
Одоогийн байдлаар шүүгдэж буй есөн эрэгтэйн долоо нь хохирогчийн гэрт очиж хүчирхийлэл үйлдсэн, хоёр нь цахимаар дэмжин өдөөн турхирсан хэрэгт буруутгагдаж буй юм. Шүүх хурлын явцад 70 настай Роберт Стюарт хүчингийн болон мансууруулах бодис хэрэглэх хуйвалдаан зохион байгуулсан хэргээ хүлээн зөвшөөрсөн бол өмнө нь паб ажиллуулж байсан 59 настай Томми Голден бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Түүнээс гадна Кит Фотерингхэм, Шон Пирс, Грэм Броухам, Карл Линдси зэрэг бусад оролцогчид гэм буруугаа урьдчилан хүлээсэн байна.
Уг үйл явдал нь Францын Жизель Пелико болон Их Британийн Винчестерийн шүүхээр шийдэгдсэн Жоанн Янг нарын хэрэгтэй төстэй бөгөөд мансууруулах бодис ашиглан зохион байгуулалттайгаар үйлддэг бэлгийн хүчирхийллийн аюулыг олон нийтэд дахин санууллаа.
Гэр бүлийн харилцааны ард олон жилийн турш нуугдаж байсан энэхүү хэргийг шүүн таслах ажиллагаа цаашид бэлгийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэхэд томоохон жишиг болохоор байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.