Брэд Питт болон Анжелина Жоли нар Франц дахь дарсны эдлэнгийн маргаанаа эвлэрлээр шийджээ
Холливудын алдарт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар Францын өмнөд хэсэгт орших "Шато Миравал" (Château Miraval) дарсны эдлэнгийн эзэмшлийн асуудлаар олон жил үргэлжилсэн шүүхийн маргаанаа шүүхээс гадуур эвлэрэх замаар бүрэн шийдвэрлэснийг албан ёсоор мэдэгджээ.
Талуудын төлөөлөгчдийн гаргасан хамтарсан мэдэгдэлд гэр бүлийнхээ нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шүүхээс гадуур тохиролцоонд хүрснийг онцолсон байна. Түүнчлэн энэ асуудлаар цаашид ямар нэгэн нэмэлт тайлбар өгөхгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн эх сурвалжийн нэрийн өмнөөс гарч буй мэдээллүүд тэдний байр суурийг илэрхийлэхгүй болохыг сануулжээ. Харин эвлэрлийн гэрээний санхүүгийн болон өмчлөлийн нарийвчилсан нөхцөлийг олон нийтэд зарлаагүй бөгөөд чанд нууцалж үлдээсэн байна.
Хосууд 2008 онд Францын Прованс бүсийн Корренс сууринд байрлах 1200 акр талбай бүхий уг үл хөдлөх хөрөнгийг ойролцоогоор 37.5 сая ам.доллароор тус тусын компаниараа дамжуулан хамтран худалдан авч байв.
Тэд 2014 оны наймдугаар сард уг эдлэн дэх 13-р зууны үеийн сүмд хуримаа хийсэн түүхтэй. Гэвч 2016 оны есдүгээр сард хувийн нисэх онгоцонд гарсан маргааны дараа Жоли гэр бүлээ цуцлуулахаар өргөдөл гаргаснаар тэдний хамтын амьдрал эцэс болсон юм.
Дарсны эдлэнгийн маргаан 2021 оны аравдугаар сард Жоли өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Оросын тэрбумтан Юрий Шефлерийн хяналтад байдаг "Stoli Group"-ийн охин компани болох "Tenute del Mondo"-д худалдсанаар хурцадсан билээ. Питт 2022 оны хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд бие биеийнхээ зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа зарахгүй байх тохиролцоотой байсан гэж үзсэн юм. Хариуд нь Жоли сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаагаа худалдахад зөвшөөрөл авах хуулийн үүрэггүй байсан төдийгүй эхлээд Питтэд санал болгосон боловч гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар дуугүй өнгөрөхийг шаардсан нууцын гэрээнээс болж тохиролцож чадаагүй хэмээн мэдэгдэж байв. Питт уг мэдэгдлийг няцаасан бөгөөд шалгалтын үр дүнд түүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгээгүй байдаг.
Хэдийгээр хосууд найман жилийн турш сунжирсан гэр бүл цуцлах үйл явцаа 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор дуусгасан ч дарсны эдлэнтэй холбоотой өмчийн маргаан өнөөг хүртэл үргэлжилж байв.
Ийнхүү Жоли, Питт нарын хоорондын хуулийн маргаан бүрэн эцэслэгдсэн ч Брэд Питт болон худалдан авагч Юрий Шефлерийн "SPI Group", "Tenute del Mondo" компанийн хоорондох шүүхийн зарга одоогоор хүчинтэй хэвээр байна.
Эх сурвалж:
• cbc.ca
• digg.com
• tmz.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.